Төвлөрлийг сааруулахад төрийн зөв бодлого, дэмжлэг шаардлагатай байна

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-22 13:17:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ болон тус газарт хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-өөс УИХ-ын гишүүдтэй хамтран төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт болон холбогдох хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллага, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын удирдлагуудад оролцсон юм. Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар “Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилд нийгмийн бүхий л хүрээг хамарсан шинэчлэл хийгдсэний нэг хэсэг нь мөн л төвлөрлийг сааруулах асуудал байсан. 1990 оноос хойш манай оронд төвлөрлийг сааруулах, төв болон орон нутгийн төсвийн харилцааг оновчтой болгох чиглэлийн өөрчлөлтийг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр шинэчлэлийн ажлын зарим нь өнөөдөр ч үргэлжилж байна. Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна. Иймд төвлөрлийг сааруулах шинэтгэлийг дэс дараатай, харилцан уялдаа холбоотой, цогц байдлаар хэрэгжүүлэхэд төрийн зөв бодлого чиглэл, дэмжлэг шаардлагатай байна” гэж хэллээ.

Энэхүү асуудлуудыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, улмаар төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлаж, улмаар энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Мөн “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗГХЭГ-аас УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдтэй төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд эхний арга хэмжээ болох төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Тодруулбал, хуулийн төсөлд нийгмийн даатгал, нийгмийн халамж, аудит, цаг уур, орчны шинжилгээ, татвар, улсын бүртгэл, статистикийн байгууллагын тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэхээр тус тус заасан. Энэ хуулийн төслүүдийг баталснаар тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага томилдог томилгоог аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд нь томилдог болно. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, орон нутгийн засаглалын чадавх сайжирч, орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.
 
Н.Туяа
Холбоотой мэдээ