Тайваниас 260 жуулчин олон өдрийн марафонд оролцжээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-05-22 10:51:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “Нью жуулчин” ХХК болон Тайванийн “Да Ди” аялал жуулчлалын компани хамтран олон өдрийн марафон гүйлтийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус марафонд Тайваниас 260 тамирчин оролцож, Монголын цэлмэг хөх тэнгэрийн дор хамтдаа гүйж, нүүдэлчний өвөрмөц соёл, идээ ундаатай танилцсан байна.
Энэ удаагийн марафонд оролцогч баг бүрэлдэхүүн нь урьд өмнө Тайваниас Монголд ирсэн жуулчдаас хамгийн их хүнтэй багт тооцогдож байна.

Марафоны баг бүрэлдэхүүн хамгийн анх Баянговийн элсэн тасархайд, дараа нь энэ сарын 18-нд Цонжин болдогт, 19-нд “Улаанбаатар олон улсын марафон”-д оролцсоноос Тайванийн эрэгтэй, эмэгтэй тамирчдаас нэлээд нь “Улаанбаатар олон улсын марафон”-д амжилт гаргасан бөгөөд Тайваньд энэ талаар мэдээлэл хүргэжээ.


Энэ үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун “Монголын говь хангай, тал хээр хослон байдаг газар зүйн онцлог нь  марафон гүйлтээс гадна унадаг дугуй, явган аялал, кемп аялал, морин аялал зэрэг байгалийн сайхныг тольдон аялахад туйлын тохиромжтой. Тиймээс хоёр орны аялал жуулчлалын салбарынхан харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлж, Монгол оронд Тайванийн илүү олон жуулчныг авчирч, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлээсэй хэмээн хүсч байна” гэж хэлсэн байна.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ