Зайн сургалт нь зардал хэмнэхээсээ илүү чанартай мэргэжилтэн бэлдэхэд чухал ач холбогдолтой

Монголын мэдээ | Нийтлэл
dogsom@montsame.mn
2018-05-21 14:55:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээлэл, холбооны технологийн үсрэнгүй хөгжил олон салбарт хувьсал хийсний нэг нь боловсрол. Интернэтээр дамжуулан мэдлэг, боловсрол олгох цахим сургалтын (e-learning) хэлбэрийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд өргөн ашиглах болсон цахим сургалт бол өнөө цагт зайн сургалтын (distance learning) үндсэн хэлбэр болоод байна.
Дашрамд дурдахад зайн сургалтын суурийг 1800-аад оны үед Англид тавьсан бөгөөд багш, суралцагч хоёр ердийн шуудангаар сургалтын үйл ажиллагаанд оролцдог байжээ. Зайн сургалтыг цахим хэрэгсэл болох интернэт, мэдээлэл, харилцааны технологийг ашиглан явуулснаар танхимд биечлэн ирэх боломжгүй суралцагчид мэдлэг, боловсролыг түгээдэг. Харин Монгол улсад зайн сургалтыг хөгжүүлэх, цаашлаад бүрэн тогтолцоог хөгжүүлэх эхлэл тавигджээ.
 Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Монгол улсын боловсролын их сургуулийг (МУБИС) түшиглэн, орон нутгийн 4 их сургуульд Зайн сургалтын төвийг байгуулаад байна. Орон нутагт дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, оюутны хичээл сонгох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан дээрх төвүүдийг төслөөс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. Үүнд: 
  1. МУБИС: Зайн сургалтын төвд шаардлагатай 792,999,993 төгрөгийн цахим хичээл бэлтгэх тоног төхөөрөмж, програм хангамж, теле-хурлын төхөөрөмж
  2. Ховд их сургууль: Зайн сургалтын 51,190,700 төгрөгийн теле-хурлын тоног төхөөрөмж
  3. Монгол улсын их сургуулийн (МУИС) Завхан салбар сургууль: Зайн сургалтын 113,643,200 төгрөгийн теле-хурлын тоног төхөөрөмж
  4. МУБИС-ын Архангайн салбар сургууль: Зайн сургалтын 49,342,700 төгрөгийн теле-хурлын тоног төхөөрөмж
  5. Дорнод их сургууль: Зайн сургалтын 49,342,700 төгрөгийн теле-хурлын тоног төхөөрөмж 
  6. Эдгээр зайн сургалтын төвийн үйл ажиллагааны болоод зайн сургалтыг Монголд хэрхэн хөгжүүлэх талаар холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан юм.
 Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зөвлөх, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн дэд профессор Ч.Лодойравсал зайн сургалтын ач холбогдлыг тайлбарлахдаа, “Өнөөдөр дээд боловсрол эзэмшигчдийн 91 хувь нь Улаанбаатар хотод сурч байна. Дээд боловсрол эзэмшихээр нийслэл хотыг чиглэсэн нүүдлийг багасгах, орон нутгийн дээд боловсролын байгууллагуудын сургалтын чанарыг сайжруулах ач холбогдолтой учраас энэ төсөлд хамрагдсан 5 сургуулийн 4 нь хөдөө орон нутгаас сонгогдсон. МУБИС багш бэлтгэдэг гол сургууль учраас төв нь болж ажиллаж байна” гэсэн юм.
 
Зайн сургалт багшаас өндөр ур чадвар шаарддаг
 
МУБИС-ийн Зайн сургалтын төв энэ оны 1 дүгээр сард нээлтээ хийснээс хойш “Онлайн курс төлөвлөлт” сэдэвтэй цуврал сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Эхний ээлжинд зайн сургалт явуулах туршлагатай болох, үүнийгээ цахим болон холимог (blended) хэлбэрээр хөгжүүлэх, туршлагаа харилцан солилцох зорилготой уг сургалтад зайн сургалтын 5 төвийн 75 багш оролцжээ. Сургалтыг урьдчилж цахимаар байршуулсан материал, хичээлийг оролцогч багш нар бие даан судалж, үүн дээрээ тулгуурлан онолын мэдлэгээ батжуулах дадлагын ажлыг онлайн, нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр явуулжээ.
 Мэдээлэл, харилцааны технологид суурилсан ийм хэлбэрийн сургалтыг өмнө нь МУИС, ШУТИС, МУБИС зэрэг их сургуулиуд 2005-2006 оноос зохион байгуулж байсан туршлага бий. Харин Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд багш бэлтгэх үндсэн чиг үүрэгтэй хэд хэдэн сургуулийг хамарсан зайн сургалтын дэд бүтцийг байгуулж, зайн сургалтаар мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж байгааг төслийн зөвлөх, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч, профессор А.Эрдэнэбаатар тэмдэглэв.
 
Зайн сургалтын энэ дэд бүтэц нь орон нутгийн багш нар ажлын байран дээрээ мэргэжлээ дээшлүүлэх, оюутнууд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн багшийнхаа, чанартай хичээлийг үзэх, ялангуяа хувь хүн бие даан суралцах өргөн боломжийг нээж байна. Цаашлаад төслийн хүрээнд зайн сургалтын платформ, цахим хичээл боловсруулж, эдгээр төвөөр дамжуулан ойрын нэг жилд орон нутгийн 2,000 багш, оюутныг сургах зорилгыг тавин ажиллаж байгаа юм.
 
Зайн сургалтыг явуулснаар зардал хэмнэхээсээ илүү чанартай мэргэжилтнүүд бэлдэх ач холбогдол нь өндөр юм. Тодруулбал, цахим хичээлийг бэлдэхэд мэдээлэл, холбооны технологийг өргөн хүрээнд ашиглах шаардлагатай болдог байна. Энэ талаар профессор А.Эрдэнэбаатар хэлэхдээ “Мэдээллийг аудио болон видео бичлэг, текст, зураг, инфографик, анимэйшн зэрэг олон хэлбэрээр хүргэх боломжтой болсон. Мэдээллийн энэ хэлбэрийг хэрхэн хамгийн сайн хослуулж, хичээлээ ойлгуулах вэ гэдэг нь багшаас арай өөр чадварыг шаардах болно” гэв.
 
Цахим хичээл боловсруулах гэдэг нь бичлэг хийж, интернэтэд байршуулахын нэр биш болохыг дэд профессор Ч.Лодойравсал онцолж байна. Өөрөөр хэлбэл, цахим орчинд суралцагчид төвөггүй ойлгогдохуйц байдлаар хичээлийнхээ зохиолыг бичих, харилцан адилгүй мэдлэгтэй суралцагчдад тохируулан өргөн цар хүрээнд харж арга зүйгээ боловсруулах шаардлагатай болдог тул зайн сургалт нь багшаас илүү хөдөлмөр, чадвар, туршлага шаарддаг байна.
 
Тиймээс “Онлайн курс төлөвлөлт” сургалтад оролцон, дээрх чадварт суралцсан орон нутгийн багш нар зайн сургалтыг өөрсдийн агуулгаар бие даан явуулах нь төслийн хүрээнд хийгдэх дараагийн алхам юм. Үүний дараа төслийн нэгжээс энэ явцад бий болсон туршлагаа харилцан солилцох зорилготой эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
Зайн сургалтыг ахисан түвшний хөтөлбөрт ашиглана
 
Цаашлаад зайн сургалтыг хөгжүүлэх явцад орон нутагт цахим хичээлээ өөрсдөө бэлддэг болох, зайн сургалтын хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагабайгаа ч  аймгуудад материаллаг баазын хүртээмж харилцан адилгүй байна. Энэ талаар дэд профессор Ч.Лодойравсал хэлэхдээ “Орон нутагт хийсэн судалгаагаар бакалаврын ангийн оюутанд гэртээ компьютер, интернэттэй байх боломж хангалтгүй байна. Харин магистр, докторын оюутнууд голдуу ажил хийдэг учраас харьцангуй боломжтой. Тэгэхээр зайн сургалтыг эхний шатанд магистр, доктор, эчнээ, хөрвөх сургалтын оюутнууд руу чиглүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гараад байна” гэсэн юм. Мөн эдгээр төвийг түшиглэн ахисан түвшний сургалт явуулах, сургалтаа холимог хэлбэрт шилжүүлэх, ингэснээр сургалтын нөхцөлөө уян хатан болгох, сургалтаа чанаржуулах нь тухайн сургуулийн хөгжлийн нэг гол зорилт болоод байна.
 
Тэрбээр үргэлжлүүлэн, “Зайн сургалтыг ашиглах хэд хэдэн шаардлага Монголд бий. Нэгдүгээрт, орон нутагт багшийн хомсдолтой байгаа мэргэжлийн хичээлийг Улаанбаатараас заах хэрэгцээ байна. Хоёрдугаарт, орон нутгийн их сургууль бусад орон нутгийн сургуультай хамтарч сургалт, үйл ажиллагаа явуулдаг, харилцан хичээлийн кредит солилцдог тогтолцоо руу шилжих ёстой. Энэ нь орон нутгийн сургуулиудын оюутны тоо тодорхой хэмжээгээр цөөрөөд буй асуудлаас урган гарч байгаа юм. Тиймээс анги бүрдүүлэх, нөөцөө зөв хуваарилах үүднээс эдгээр зайн сургалтын төвүүд хамтарч ажиллах, нэг хичээлийг нийлээд үзэх зайн сургалтын тогтолцоо руу шилжих гээд байгаа юм” гэсэн юм.
 
Түүнчлэн төслийн нэг чухал ач холбогдол нь насан туршийн боловсрол эзэмших чадварыг суралцагчдад олгох хэмээн дэд профессор Ч.Лодойравсал үзэж байна. Тэрбээр “Энэ цаг үед хүн насан туршдаа суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж явах шаардлага тулгарч байна. Танхимд ирж суралцах, мэргэжлээ дээшлүүлэх боломжгүй хүн цахим орчинд зайнаас суралцахаас өөр арга байхгүй. Иймд бид төгсөгчдөд цахим орчинд суралцах чадвар олгох шаардлагатай болсон” гэсэн юм.
 
Ийнхүү суралцагчийг зайнаас удирдан чиглүүлэх үүрэгтэй багш нарыг бэлтгэх үйл явцын эхлэлийг МУБИС-ийн Зайн сургалтын төв тавиад байна. Энэ талаар МУБИС-ын Мэдээллийн технологи, зайны сургалтын албаны дарга, доктор Л.Мөнхтуяа хэлэхдээ “Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад багш зайн сургалт явуулах чадварыг эзэмших шаардлага тулгарна. Тиймээс нэн түрүүнд арга зүйг нь суулгаж өгөхийг бид зорьж байна. Бид Зайн сургалтын төвөө хоёр жилийн төсөл гэж харахгүй байгаа. Монголд зайн сургалтын тогтолцоог хөгжүүлэхийн тулд боловсон хүчин, материаллаг баазаа бэхжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гээд цогц ажлуудыг хийх шаардлагатай” гэсэн юм. Тэрбээр “Онлайн курс төлөвлөлт” сургалтад хамрагдсан багш нарын сэтгэгдэл өндөр, энэ ажилд бүтээлч сэтгэлгээгээр хандаж, идэвх санаачилгатай оролцож буйг онцоллоо.
 
Зайн сургалтын агуулга сонирхолтой, үр өгөөжтэй
 
Дорнод их сургуулийн Зайн сургалтын төвийн үйл ажиллагаатай энэ сарын эхээр төслийн нэгж болон АХБ-ны төлөөлөл танилцсан билээ. Дорнод их сургуулийн Зайн сургалтын төв 2016 оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд сургалтад Дорнод их сургуулиас 16 багш хамрагджээ. Тус их сургуулийн мэдээлэл, технологийн багш Т.Гантулга “Онлайн курс төлөвлөлт” сургалтад оролцсон туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр хэлэхдээ “Өмнө нь ямар нэг сургалтад хамрагдахын тулд Улаанбаатар луу зардал гаргаж явдаг байсан бол уг төвийг ашиглан ажлын байран дээрээ суралцах боломжтой нь том давуу тал гэж бодож байна. Нөгөө талаар, зайн сургалт танхимын сургалтаас илүү үр өгөөжтэй байх боломжтой. Яагаад гэвэл хичээлээ эхлээд судалчихдаг болохоор багштайгаа илүү үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж чадсан. Мөн танхимын сургалтаар хичээлийг нэг л удаа заагаад өнгөрдөг бол цахим хичээлийг цаг хугацаанаас хамааралгүй хэд дахин үзэж, судлах боломжтой байдаг. Цахим сургалтын агуулга сонирхолтой, хүртээмжтэй санагдсан” гэсэн юм.
 
Харин тус их сургуулийн Удирдлага, мэдээллийн системийн мэргэжилтэн Б.Пүрэв-Эрдэнэ “Онлайн курс төлөвлөлт” сургалтад суусныхаа дараа тус сургуулийн цахим сургалтын платформыг үүсгэн хөгжүүлж эхлээд байна. Тэрбээр хэлэхдээ, “Өмнө нь надад цахим сургалтын талаар мэдлэг байсан боловч нийтэд түгээх арга хэрэгсэл байгаагүй. Энэ платформыг хөгжүүлснээр манай багш нар мэдлэгээ илүү өргөн хүрээнд хуваалцах боломж гарч ирсэн. Манай платформ дээр тавигдсан хичээлүүдээс хамгийн цогцоор хөгжсөн нь “Багшлахуй ба суралцахуй” гэсэн хичээл” гэсэн юм.
 
Одоогийн байдлаар Дорнод их сургууль Зайн сургалтын төвдөө туршилтын хоёр хичээлийг магистр оюутнуудынхаа дунд явуулсан байна. Тус төвийг ахисан түвшний оюутнуудаас гадна бакалаврын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн багш нар нээлттэй ашиглаж эхэлжээ. Мөн Дорнод их сургуулийн сайн дурын ажилтан япон мэргэжилтэн тус төвийг ашиглан Монгол орны түүх, соёлын талаар хоёр удаагийн цуврал хичээлийг Японы тавдугаар ангийн сурагчдад заасан байна. Энэ солилцоо цаашид үргэлжлэх юм. Б.Пүрэв-Эрдэнийн хэлж буйгаар төрийн болон бусад байгууллагаасЗайн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн видео хурал хийх саналыг тавьсан байна. Тэрбээр эдгээр үйл ажиллагааг явуулах төлөвлөгөө нь гарсан гэв.
 
Түүнчлэн, МУБИС дахь Зайн сургалтын төвийг зөвхөн сургалтын бус зориулалтаар, тухайлбал эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад ашиглаж эхэлжээ. Энэ нь асар их хөрөнгө хүч, цаг зав хэмнэж буйг төслийн зөвлөхүүд онцолсон юм. Мөн зөвлөхүүдийн зүгээс энэ хэлбэрийн сургалтын үйл ажиллагааны журмыг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
 
Х.Аминаа
 
 
 

Холбоотой мэдээ