top banner

“Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдаан болно


2018-05-17 11:27:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БСШУС-ын сайдын ивээл дор “Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдаан болох гэж байна.  Энэхүү уралдааныг Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээн илрүүлж, авьяасыг нь хөгжүүлэх, шинэ залуу бүжигчдийг нээн илрүүлэх, улсын хэмжээнд буй мэргэжлийн сургалттай бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэн, уран бүтээлчдийг өргөнөөр оролцуулснаар Монголын болон дэлхийн бүжгийн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг тэдэнд танилцуулан эзэмшүүлэхэд ач холбогдол нь оршиж буйг зохион байгуулагчид хэлж байна. 

Мөн цаашлаад дэлхийн тавцанд эх орноо төлөөлөн оролцох чадварлаг бүжигчдийн авьяасыг нээж, олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг хангах эрхэм зорилготой аж. Ингэснээр Монголын балетын нэгэн шинэ үүд хаалга нээгдэх бөгөөд энэ нь сонгодог урлагт ч чухал хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой юм. 

Балет нь утга санаа үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, урлагийн бусад төрөлтэй хослуулан бүтээдэг тайзны нийлмэл урлаг юм. "Ballet" гэдэг франц үгийн латин гарал нь "ballo" буюу би бүжиглэж байна гэсэн утгатай аж. Үйлдэл хөдөлгөөнийг хөг аянд тулгуурлан уран сайхны дүрээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Харин сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементийг шингээснээрээ бусдаасаа ялгардаг.



Ийнхүү БСШУС-ын сайдын ивээл дор зохиогдох “Монголын үндэсний балет”-ын уралдаанд улсын хэмжээнд буй мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа оюутан, сурагчид оролцох юм. Уралдаан нь  6-8, 9-11, 12-14,15-18 насны ангилалаар хоёр үе шаттай явагдах бөгөөд энэ сарын 27-29-ний өдөр Улаанбаатар хотноо болно.
 
 
Ж.Болор
 

Монгол брэнд