Багийн иргэд гүүр тавих асуудлаа шийдүүлэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-05-16 17:54:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж сумдын ИНХ-д оролцох ажлаа Хайрхандулаан сумын Нартын 2 дугаар багт үргэлжлүүлж, малчдаас хамгийн их санал тавьсан “Гурван голын уулзвар”-т гүүр тавих асуудлыг 2019 оны төсөвт багтаан шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Сумын төвөөс 8 орчим км-т урсах уг гол нь шавар ихтэй учраас хавар, зун, намрын улиралд машин суух явдал багагүй гардаг байна. Сумын төв рүү очих зам энэ голын гармаар гардаг учраас гүүр тавих зайлшгүй шаардлагатайг малчид хэлж байв. Багийн ИНХ-д 50 гаруй иргэн оролцсон бөгөөд “Гурван голын уулзвар”-т гүүр тавих, багийн төвийн байшингаа тохижуулж, хайсжуулах, мал амьтны сэг зэм устгах, сумын төвийн өнгө үзэмжийг бууруулсан барилгуудыг засварлах талаар санал хүсэлтээ хэлсэн юм. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж малчдын асуултанд хариулж, тодорхой шийдвэрийг гаргасан ба зарим үүрэг чиглэлийг өглөө.

Тэрбээр малчдад хандан өвөлжилт, хаваржилтын хүнд байдлыг эрсдэл багатай давахын тулд малаа даатгалд хамруулах нь чухал гэдгийг хэлээд даатгалын ач тусыг танилцууллаа. Мөн “Аймгийн хэмжээнд 200 мянган мал хорогдоод байгаагаас 16400 үхэр хорогдсон. Зах зээлийн дундаж ханшаар нэг үхрийг 500 мянга төгрөгөөр тооцвол 8,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үхрийг сэг зэм устгалаар газрын хөрсөнд булаад байна” гээд тэвээрэг муу малаа эдийн засгийн эргэлтэнд зоригтой оруулахыг хүсч, аймгийн Мах боловсруулах үйлдвэрийг танилцуулав.
Иргэдийн дунд “Мурийн бригад” гэж нэрлэгдсэн тус баг 238 өрхийн 748 хүн амтай, 56794 мянган толгой малтай ба өвөл цас их орсон, хаваржилт салхи ихтэй хүндхэн болж, бод мал, ялангуяа адуу их хорогдож байгааг багийн Засаг дарга Х.Мөнхдорж танилцууллаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ