top banner

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг ирэх бямба гарагт тэмдэглэнэ


2018-05-09 17:34:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 10 жилийн өмнө 2010 оноос “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэх болсон бөгөөд энэ жил 5 дугаар сарын 12-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр мод тарих ажил өрнөнө.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Иймд уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлж өргөн хүрээнд хамруулах болсон билээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 3 газарт мод тарихаар төлөвлөжээ. Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьдаг уламжлалтай. Энэ удаа “Монгол наадам” цогцолбор болон цэвэрлэх лагийн талбайд УСУГ-аас зохион байгуулан мод тарих юм. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт уг арга хэмжээ зохион байгуулна. Мод тарьж байгаа газар бүрт үзэсгэлэн худалдаа давхар явуулах юм.

Дашрамд дуулгахад, 2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байна. Харин эргээд арчилж, хамгаалан ургуулах нь хамгийн том ажил байдаг. Иймд иргэдийг тарьсан модоо цаашид арчилж хамгаалан ургуулахыг Нийслэлийн ЗДТГ-аас уриалж байна.

 

Монгол брэнд