Бодибилдинг фитнессийн Ази тивийн 2018 оны аваргууд Улаанбаатарт тодорно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-04-27 15:52:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Бодибилдинг фитнессийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо фитнесс төрлөөр эхэллээ.

Энэ тэмцээнд Ази тивийн 44 орны 400 гаруй тамирчин оролцохоор иржээ. Азийн бодибилдинг, фитнессийн холбооны техникийн зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулсан бол өнөөдөр тус холбооны ээлжит конгресс хуралдсан байна. Харин маргааш буюу бямба гарагт бодибилдингийн аваргууд тодорно.



Тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах өндөр хариуцлага хүлээлгэсэн нь МБФХ-ны хамт олон, тамирчдын ур чадварыг үнэлсэн төдийгүй энэ спорт манай улсад өндөр түвшинд хөгжиж байгааг илтгэсэн хэрэг юм.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын бодибилдинг фитнессийн холбоо /IFBB/-ны дэлхийн түвшин тогтоох тэмцээн, IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох тэмцээн тус тус болно. Мөн IFBB мэргэжлийн тамирчдын тэмцээн явагдаж, тамирчид хувийн чансаагаа ахиулна. Тиймээс оролцогч орнууд болон тамирчид Улаанбаатарын тэмцээнд өндөр ач холбогдол өгч байгаа юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ