top banner

“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим аж ахуйн нэгж оролцож байна


2018-04-27 15:05:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ, НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.
 
Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Т.Батцогт зэрэг албаны төлөөллүүд, хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 100 орчим байгууллага, эрдэмтэн судлаачид оролцов.
 
Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулж байв.
 
Зохион байгуулагчдийн зүгээс иргэд олон нийтийг өөрийн амьдарч, ажиллаж буй цэвэр орчны төлөө мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл ихтэй “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриалж байлаа.

Сурталчилгаа
Монгол брэнд