“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” Үндэсний аян хагас жил үргэлжилнэ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2018-04-27 12:56:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас энэ сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын турш “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” Үндэсний аяныг хамтрагч талуудын оролцоотой эхэлж буй талаар өнөөдөр  “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээллээ.

ЦЕГ-аас 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн тус аяныг зарлаж байгаа аж.

Өнөөдөр эцэг эхчүүд, багш нар, насанд хүрэгчид хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, хүүхдээ сайн хүн болгохын тулд хэрэглэж байгаа арга барилдаа дүгнэлт хийж, хүүхдийнхээ хөгжлийн онцлог, хувийн зан араншинг нь судалж, сайн эцэг эх болоход суралцах хэрэгцээ зайлшгүй тулгарч байна.
“Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллага энэ онд 7000 орчим өсвөр насны хүүхэд болон тэдний асран хамгаалагч нараас “Хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалгаа” хийхэд нийт оролцогч хүүхдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд бие махбодийн шийтгэлд өртжээ.

Мөн 30 орчим хувь “Гэртээ байхдаа хэн нэгнээс айдаг, аюулгүй гэж мэдэрдэггүй” гэж хариулсан байна. Насанд хүрэгчдийн 45 орчим хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар хаана, хэнд хандах талаар мэддэггүй, хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан хүүхдүүдийн 40 хувь нь гэр бүл, эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн аргын тухай, мөн буруу хэрэг хийж, алдаа гаргасныхаа төлөө бие махбодийн шийтгэл амссан тухай асуудлаар зөвлөгөө тусламж хүссэн байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5,4-т “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж заасан байдаг. Харин ямар аргыг эцэг эх хэрэглэх, хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэх, хамгаалах, мэдлэг мэдээлэл, арга барил, аргачлал тусламж нэн хэрэгтэй байна.

“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аянд оролцогч талууд дээр дурдсан арга барилын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх зорилготой.

Зохион байгуулагчид тус аяныхаа нээлтийн арга хэмжээг орон даяар шинэ шийдлээр олон түмэнд хүргэхээр ажиллаж байна. Энэхүү өдөр нь “Дэлхий нийтээрээ хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө өдөр” тохиож байгаа юм.

Хагас жил үргэлжлэх энэ аяныг ГБХЗХГ, ЦЕГ, “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллага манлайлан зохион байгуулна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ