З.Энхболд: Боловсролыг төрийн байгууллагын хүрээнд бус олон нийтийн оролцоотой хэлэлцэх нь чухал

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-04-27 12:47:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулж буй боловсролын асуудлаарх ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр “Боловсролын чанар” сэдвээр ЕТГ-ын дэргэдэх "Иргэний танхим"-д өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 26 тоот захирамж гаргаж, “Монголын язгуур суртахуун, уламжлалт соёл, бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлах, Монгол Улсын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг тодруулан оновчлох, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулан гүйцэтгэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь боловсролын бодлогын хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу ард иргэдийн оролцоотойгоор судалж байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд боловсролын бодлогын хувьсгал хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг бусад орныхтой харьцуулан үзжээ. Өнөөдрийн байдлаар Монголын боловсрол цаашид тогтвортой хөгжихүйн үндсийг тодруулан тодорхойлох ажлыг судалж байгаа бөгөөд энэ асуудлыг цаашид гүнзгийрүүлэн судалж, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай тул сонирхлын бүлгүүдийн оролцоог хангасан уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа юм.

"Боловсролын чанар" сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлэгт ЕТГ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багшийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Чулуунцэцэг болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Баатарбилэг нар оролцов. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, Боловсролын хүрээлэн, багш бэлтгэдэг төрийн ба төрийн бус их дээд сургууль, боловсролын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын болон иргэдийн төлөөлөл оролцлоо.



Хэлэлцүүлгийг нээж ЕТГ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ "Улс орны ирээдүй болсон хүүхэд залуусыг бэлтгэж байгаа боловсролын чанарын асуудал олон жил улиг болтол яригдсан ч шийдлээ олохгүй байгаа нь аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулж Засгийн газар, Боловсролын яамтай хамтарч энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Боловсролыг зөвхөн Засгийн газар, УИХ, яамны хүрээнд биш олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал юм. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд олон нийтийн ярьж байгаа асуудлуудын шийдлийг олох тал дээр хамтран хэлэлцэж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна" гэсэн юм. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 
 
Н.Туяа
Холбоотой мэдээ