Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ЕХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-04-25 19:44:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Фэрриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Европын Холбооны Ази, Номхон далайн бүсийг хариуцсан эдийн засгийн бодлогын шинжээч Олег Хирбу, Төсвийн дэмжлэг олгох үйл ажиллагааны мэргэжилтэн Эрик Дэшонмэкэр, Төсвийн менежмент, макро эдийн засгийн шинжээч Мигуэл Трилло нар байлцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Фэрри хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, 2017 оны 11 дүгээр сард Европын Холбооноос Монгол Улсад Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж эхэлсэн нь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөгжүүлэх зорилготой гээд, Европын Холбоо, Дэлхийн банктай хамтран Монгол Улсын эдийн засгийг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ. Европын Холбооноос ирсэн төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг үзүүлэхэд шалгуур үзүүлэлтэд хэр нийцэж байгаад дүн шинжилгээ хийх зорилготой ирсэн юм байна.

Хэрвээ шалгуур үзүүлэлтэд нийцэж төсвийн дэмжлэг авах эрхтэй болвол Монгол Улсын төсөвт 50 сая еврогийн буцалтгүй тусламж олгох бүрэн боломжтой байгааг уулзалтын үеэр мэдэгдсэн.

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монгол Улсыг анхааралдаа авч, төсвийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хүрэлцэн ирсэнд Улсын Их Хурал, Төсвийн байнгын хорооны өмнөөс талархал илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Мөн экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтвортой байгаа нь эергээр нөлөөлж байна” гээд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө.

Уулзалтаар талууд улсын төсвийн зарцуулалт, ил тод байдал, олон нийтийн оролцоо зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Н.Туяа

Холбоотой мэдээ