Ж.Батзандан: Мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэнэ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-04-25 15:35:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын сар бүрийн 25"ны өдрийн мэдээллийн дараа тус газарт ирж мэдүүлэг өгч байсан  УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулга тайлбар авсан юм. 

Тэрбээр “Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн санаачилга гаргаж тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцтай холбоотой 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-д зохион байгуулсан. 
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Содномдаржаа, Чимэгээ нарын гэр бүлийнхнээс ирсэн өргөдөлд С.Зоригийн хэргийг шалгасан нөхцөл байдал бол хүн хэлмэгдүүлсэн, хүний эрхийг зөрчсөн үйл явдал боллоо гэдгийг бичсэн байв. Мөн Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд авч өгөх үйл ажиллагаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой өргөдөл гомдол  ч иргэдээс ирсэн. Д.Энхбатыг Тагнуулын гурван ажилтан Герман, Францаар дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр хулгай хийж авчирсан, Тагнуулын газрын ажилтан Цогтбаатар гэдэг хүний гэр бүлээс  Б.Хурцад  дарамтлуулдаг тухай гомдол ирсэн. Иргэдээс ирсэн  ийм 10 гаруй гомдлыг  УИХ-ын 5 гишүүн авч хэлэлцэн нээлттэй сонсгол хийсэн юм. Гэтэл өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч н.Дамдинсүрэн Б.Хурцтай холбоотой, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа УИХ-ын гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх асуудал ярьж эхэлж байна. Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авч, Төрийн ордонд иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг буруутгаж байна. Би тайлбар хийлээ. УИХ-ын гишүүд ард түмнээ сонсох гэж ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог юм. Авлигач түшмэдийн өмнө УИХ-ын гишүүд бөхийж болохгүй. Нээлттэй сонсголыг гишүүд өдөр тутам хийдэг. "Нийтийн сонсгол" хийж байгаа гишүүдэд өнөөдрөөс Эрүүгийн хэрэг үүсгэхээр АТГ, Прокурор ажиллах юм байна. Цаад шалтаан нь  Б.Хурцтай холбоотой, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой битгий яриач ээ гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Дээрх асуудлыг ярих юм бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэдэг сануулга өнөөдөр өглөө гэж би ойлголоо. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг дарамтлах, айлган сүрдүүлэх ажиллагаагаа АТГ эхлүүллээ. Төрд шургалсан мафийн бүлгийн өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Би нийтийн сонсголоо хийнэ. Надад айх юм байхгүй, ухрах зам үгүй. Мафийн бүлэглэлийн эсрэг би тэмцэнэ. АТГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл сууж байна. Өнөөдөр хүртэл надад Б.Хурц даргын гомдлын дагуу таныг шалгана гэнэ. Дарга нь захиалга өгөөд шалгуулдаг юм байна. Гэхдээ Монголд хууль гэж юм бий. Б.Хурц, Ц.Элбэгдорж гэдэг хүмүүс өнөөдөр хууль хяналтын байгууллагыг гартаа оруулчихаад мафийн шинжтэй тогтолцоог бий болгочихоод дуртай хүнээ хэлмэгдүүлж, шорон гяндангаар айлгаж байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц  Төрийн ордонд орж ирээд намайг ална гэж заналхийлсэн. Одоохондоо  алчихаагүй л байна. Энэ хэргийг шалгаж өгөөч гэж Прокурорт хүсэлт гаргасан ч одоо хүртэл шалгаж өгөөгүй. Монгол Улсын прокурор Б.Хурцын талд буюу мафийн талд ажиллаж байна" гэлээ.
Ж.Батсайхан

Холбоотой мэдээ