top banner

Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна


2018-04-25 14:44:40
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 
 
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, "Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг өвөлдөө яриад, дулааны улиралд мартдаг. Иймд бид энэ зун тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна. Ирэх оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс орлох түлшний асуудлыг бид зайлшгүй шийдвэрлэх ёстой. Ингээд Засгийн газрын хуралдаанаар Сайжруулсан түлшний улсын үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ зундаа улсын үйлдвэрийн газрыг байгуулж ашиглалтад оруулна" гэлээ.
 
Ухаа-Худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулах аж. Үйлдвэр  “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.
Б.Туул

Сурталчилгаа
Монгол брэнд