top banner

“Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр 2018-2020 онд хэрэгжинэ


2018-04-25 12:16:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг хэлэлцэж батлав.
Соёлын үйлдвэрлэлд хувцас загвар, гар урлал, уран зураг, хөгжмийн зэмсэг, урлагийн тоглолт, үзүүлбэрүүд болон аялал жуулчлал, кино урлаг зэргийг багтаан үздэг байна. 2005 онд ЮНЕСКО-гоос гишүүн орнууддаа Соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зөвлөмж хүргүүлсэн байна. Уг зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар Соёлын үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөр баталжээ. Нийслэлээс Засгийн газрын баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.
Дэд хөтөлбөр нь Монгол хүний оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын өвийг сурталчлан таниулах зорилготой бөгөөд 2018-2020 онд хэрэгжих юм. Энэ хугацаанд Соёлын үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, Улаанбаатар хотын онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс бий болгох, дүүргүүдийн ЗДТГ-ын Соёлын асуудал хариуцсан мэргжилтнүүдийг чадавхжуулах, Улаанбаатар чуулгыг түшиглэн залууст зориулсан Соёлын инкубатор төв байгуулах аж. Мөн соёлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад тавих үйлчилгээний стандарт боловсруулах бөгөөд энэ бүхэнд нийт 84.5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснийг НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцуулгадаа дурьдав.

Тэрбээр, “Дэд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр соёл, урлагийн байгууллагуудын орчин, нөхцлийг сайжруулна. Тухайлбал, дүүргүүдийн Соёлын орднуудын барилгыг шинэчлэх, засварлах юм. Энэ чиглэлд БСШУСЯ ч тодорхой төсөв боловсруулсан. Мөн Соёлын үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бий болгож, ЮНЕСКО-гийн стандартад нийцсэн статистик мэдээлэл боловсруулах зэрэг томоохон үр дүнд хүрэх болно” гэлээ.
Дүүргүүдийн Соёлын асуудал хариуцсан мэргжилтнүүд нийгмийн ажлыг давхар хариуцдаг учраас өөрийн үндсэн салбараа хөгжүүлэх чиглэлд төдийлөн анхаарал хандуулж чаддаггүй гэдгийг НИТХ-ын тэргүүлэгч Мөнхчулуун шүүмжлэв. Мөн тэрбээр нийтийн тээврийн хэрэгслийн радиогоор FM, онигоо, элдэв хошин шог явуулах бус хотын соёлыг дэлгэрүүлэх чиглэлд иргэдийн танин мэдэхүйд зориулсан мэдээ, мэдээллийг түгээх хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонх дэмжиж, батлав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд