Иргэнд газар өмчлүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-04-25 09:33:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
 
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төсөл, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхлэх бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
 
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлахын зэрэгцээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Холбоотой мэдээ