top banner

ОХУ-ын Владивосток болон Хятадын Муданьзян хотын хооронд хурдны төмөр зам барихаар төлөвлөж байна


2018-04-25 09:23:41
Зураг
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Владивосток болон Хятадын Муданьзян хотын хооронд өндөр хурдны галт тэрэгний төмөр зам барих төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг энэ оны 9 дүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр танилцуулна гэж Оросын Алс Дорнодын хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих агентлагийн ерөнхий захирал Леонид Петухов ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
Түүний хэлснээр, ТЭЗҮ бэлтгэх тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд төмөр замын мэргэжилтнүүд 5-7 дугаар сард Приморийн хязгаарын нутаг дэвсгэрт ажиллаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр ТЭЗҮ-г танилцуулахад бэлэн болгох аж. Төслийг хэрэгжүүлж эхлэх огноог мөн чуулга уулзалтын үеэр зарлах юм байна.
 
Владивосток болон Муданьзян хотуудыг холбох хурдны төмөр зам барих тухай урьдчилсан хэлэлцээрт энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан ба 380 км урт уг төмөр замаар галт тэрэг 250 км/цагийн худтай зорчих ажээ. Төслийн хүрээнд төмөр замын 12 өртөө шинээр барих ба замын нийт уртын 70% нь гүүр болон тунель байх юм байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 12 тэрбум ам.доллар болох тооцоо гарчээ.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд