Хөвсгөл Эрчим хүч компани хэрэглэгчдийн санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-04-23 13:21:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/ "Хөвсгөл Эрчим хүч" компани үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан таниулах, борлуулалтын үйлчилгээг нэг дороос хүргэх боломжийг олгох, үйлчилгээний талаарх иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой "Эрчим хүчний хэмнэлт хэрэглэгч бүрээс" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж хэрэглэгчдийн санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэв.
Тус аймгийн хэмжээнд 16 мянга орчим идэвхтэй цахилгаан эрчим хүч хэрэглэгч жилд 4,5 тэрбум төгрөгийг борлуулалтын орлогод төвлөрүүлж байна. Энэ үеэр хэрэглэгчид эрчим хүчний төлбөр өндөр гарч байна гэсэн санал гомдлыг хамгийн их ирүүлж Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагчид ирсэн өргөдлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэн өгсөн байна. Тухайлбал зарим  иргэд  өөрсдийн хэрэглээгээ хянаагүйн улмаас тоолуур өндөр гарч байна гэсэн гомдол ирүүлсэн байна. Мөн эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнийг мэдээгүй зэргийн улмаас гомдол ирүүлсэн байна. Нээлттэй өдөрлөгөөр Эрчим хүчний тухай хууль, айл өрх аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчийг худалдан борлуулах үнэ тарифыг танилцуулах, тарифын хөнгөлөлт, төлбөрийн нэхэмжлэлийн тухай мэдээлэл өгч, тоолуурын заалт харах, тоолуур шалгуулах  дуудлагыг үнэ төлбөргүй хийж  үйлчилжээ.
Б.Гантуяа

 
Холбоотой мэдээ