top banner

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг терроризмтой тэмцэх асуудлаарх бүс нутгийн хуралд оролцов


2018-04-23 08:52:01
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн яам, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэстэн дамнасан аюул заналтай тэмцэх газартай хамтран энэ сарын 19-20-нд Сөүл хотноо зохион байгуулсан “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаарх бүс нутгийн бага хурал”-д оролцов.

 

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг бага хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас терроризмын аюул заналтай тэмцэх талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санал санаачилгын талаар танилцуулан, хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь улс орнууд дангаараа бус хамтын хүчин чармайлт, бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны механизмыг бий болгох замаар шийдвэрлэгдэх асуудал болохыг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиох 2019 онд бүс нутгийн бага хурлыг Монгол Улсад хүлээн авч, зохион байгуулах саналыг дэвшүүлсэн болно.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хюнтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус бага хурал нь БНСУ-ын Засгийн газраас терроризмтой тэмцэх асуудлаар ЕАБХАБ-тай хамтран Ази тивд анх удаа зохион байгуулж буй хурал бөгөөд бага хуралд ЕАБХАБ-ын гишүүн улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нийт 150 гаруй төлөөлөгч оролцов.


Сурталчилгаа
Монгол брэнд