top banner

Дотоодын нөөцөөс 5247 тонн үрийн буудайг олгожээ


2018-04-21 16:11:33
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) өнгөрсөн жилийн ургацаас 2018 оны хаврын тариалалтад зориулж, 11 сортын 23 840 тонн буудайн үрийн нөөц бүрдүүлжээ.

Хуваарийн дагуу  тус сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар 32 иргэн, аж ахуйн нэгжид 1165 тонн, Булган аймаг дахь салбар 24 иргэн аж ахуйн нэгжид 1071 тонн, Хөтөл салбар 90 иргэн, аж ахуйн нэгжид 3016 тонн нийт 5247 тонн үрийн буудайг   олгоод байна.

Мөн  хаврын тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ОХУ-аас 5 сортын 8060 тонн элит, нэгдүгээр репродукцийн үрийг хүлээн авч, нийт 32,9 мянган тонн буудайн үрээр 210 мянган га талбайг хангахаар төлөвлөжээ. Одоогоор ХХААХҮЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу ОХУ-аас гурван сортын 4200 тонн элит үр худалдан авах гэрээ хийсэн бөгөөд 1000 тонн элит үр хүлээн аваад байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тус сангаас элит, нэгдүгээр репродукцийн нийт 2244 тонн үрийг 55 аж ахуйн нэгжид гэрээ байгуулан олгожээ. Тухайлбал, “Шим” ХХК-д ОХУ-ын хоёр сортын 1725 тонн элит үрийг Хөтөл салбар гэрээний дагуу бүрэн нийлүүлсэн байна. Мөн “Милл Хаус” ХХК нь ОХУ-аас нэг сортын нэгдүгээр репродукцын 2135 тонн буудайн үр нийлүүлэх гэрээ хийснээс одоогоор Сэлэнгэ салбарт 1582 тонн үр нийлүүлжээ.

Түүнчлэн 1375 аж ахуйн нэгж, иргэнд 3500 тонн шатахууны дэмжлэгийг 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр олгох аж.

Б.Заяа


Монгол брэнд