top banner

Ц.Энхжаргал: “Тогтвортой амьжиргаа 3” төслөөс бүх сум дэмжлэг авч байна


2018-04-21 13:59:41
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2018 онд сумын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгт 580,1 сая төгрөг олгохоор батлагдсан байна. Энэ талаар “Тогтвортой амьжиргаа 3” төслийн зохицуулагч Цэдэнгийн Энхжаргалтай уулзаж ярилцлаа.
- Энэ онд орон нутгийн хөгжлийн санд тодорхой хэмжээний дэмжлэг олгохоор батлагджээ. Сум бүрт харилцан адилгүй байна. Ямар шалгуур баримталж дэмжлэг үзүүлж байна вэ?
- Энэ жилийн хувьд орон нутгийн хөгжлийн санд олгох дэмжлэг нь 532,3, урамшуулал нь 47,8 сая төгрөг байна. Зарим сум урамшуулал хүртэж чадаагүй.
“Тогтвортой амьжиргаа 3” төсөл өнгөрсөн онд тус аймагт орон нутгийн төслийн ажилтан бий болгож үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ нь төр засаг, иргэдийн уялдаа холбоог сайжруулах, иргэд төрийн үйл хэрэгт оролцох оролцоог хангах, иргэд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг төлөвлөх, төсөвлөхөөс эхлээд гүйцэтгэлд нь хүртэл хяналт тавих мэдлэг чадварыг бий болгох зорилгоор ажиллаж байна.
Саяхан 2016, 2017 оны төслийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар Булган сумын багийн ИНХ, багийн Засаг дарга нар, холбогдох хүмүүст мэдээлэл өгч, сургалт хийсэн.
Манай аймгийн хувьд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг иргэдийн оролцоотой шийдэхэд ахиц гаргаж байгаа нь сайшаалтай байна. 2016, 2017 оны үнэлгээгээр иргэдийн оролцооны түвшин улсын дундажаас 3-4 оноогоор илүү, аймгуудаас эхний тавд үнэлэгдсэн. Гурванбулаг, Дашинчилэн, Тэшиг суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахад иргэдийн оролцоо маш сайн байна. Үүний дагуу Сангийн Яам, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой амьжиргаа” төслөөс 2016 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 321,0 сая төгрөг хуваарилагдаж байсан бол 2017 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 2018 оны төсөвт 580,0 сая төгрөг суулгасан нь тодорхой хэмжээнд иргэдийн оролцоо дээшилж байгаа нь харагдаж байна.
- Зарим сум урамшуулал аваагүй байна. Үүний шалтгаан юу? Орон нутгийн хөгжлийн санг зориулалтаар нь ашиглаж чадаж байна уу?
- Хуваарилсан мөнгөөр наадмын үйл ажиллагаагаа тэр чигээр зохион байгуулсан сум ч байна. Орон нутгийн хөгжлийн сангийн журамд 5,0 сая төгрөг хүртэлх зардлыг наадмын үйл ажиллагаанд зарцуулж болно гэж заасан. Үүнээс илүү хөрөнгийг зарцуулсан сум байгаа. Энэ жилийн хувьд 4 сум урамшуулал аваагүй.
Орхон, Бугат сум ерөнхий үзүүлэлтээр улсын хэмжээний 330 сумаас нэлээд хойгуур орсон. Сайхан, Сэлэнгэ сум урамшуулал авах боломжтой байсан ч ашиглаж чадаагүй. Сэлэнгэ сум тодорхой шалтгаантай. Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ гаргаж явахад төрийн сангийн төлөөлөгч нь өвчтэй байснаас ажлаа сайн танилцуулаагүй. Сайхан сумын хувьд хийсэн ажлаа нийтэд сайн танилцуулж чадаагүй гэдгээр урамшууллаас хасагдсан. Гэхдээ манай аймгийн бүх сум дэмжлэг авсан.
- Орон нутгийн хөгжлийн санд олгож байгаа дэмжлэгийг юунд зориулах вэ?
- Энэ мөнгөний эзэн нь иргэд байх ёстой. Яаж захиран зарцуулах нь иргэдийн мэдэлд байгаа. Үүнийг багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар зохион байгуулж хэрэгжүүлэх учиртай. Ер нь цаашдаа олон улсын байгууллагын дэмжлэгийг нэмэгдүүлэх үү, хорогдуулах уу гэдэг нь иргэд болоод сум багийн удирдлага, үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаална.
Удахгүй хөндлөнгийн аудитын байгууллага сумдын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг шалгана. Үүнээс өмнө урьдчилсан байдлаар “Тогтвортой амьжиргаа 3” төслөөс заавар зөвлөгөө өгч ажиллана.
Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалт, иргэдийн оролцоо хэрхэн хангаж байгаа талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж олон улсын төсөл, хөтөлбөрийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлж, иргэд үр шимийг нь хүртэх болно.
М.Батжаргал


Сурталчилгаа
Монгол брэнд