Британийн хамтын нөхөрлөлийг хунтайж Чарльз удирдана

Дэлхийн мэдээ | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-04-21 11:30:57
ЛОНДОН. /Би-Би-Си/. Британийн хамтын нөхөрлөл /БХН/ хэмээх засгийн газар хоорондын байгууллагын тэргүүн Элизавета-г /Их Британийн хатан хаан/ Уэльсийн хунтайж Чарльз-д халаагаа өгөхийг тус байгууллагын 53 гишүүн  улс орны удирдагчид зөвшөөрсөн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Холбогдох улс орнуудын удирдагчид баасан гарагт хаалттай хуралдаан хийснээр ийм тохиролцоонд хүрсэн байна. Хатан хаан II Элизавета хэлэхдээ “Хунтайж Чарльз-д БХН-ийн тэргүүний суудлыг шилжүүлэх нь “миний өөрийн хүсэл" юм” гэжээ.

БХН-ийг угсаа залгамжлан удирддаггүй юм. Ёс журмынхаа дагуу бол хатан хаан таалал төгссөний дараа л гишүүн улс орнууд хуралдан дараагийн удирдагчаа сонгох ёстой аж.

Хунтайж Чарльзыг ямагт дэмжсээр ирсэн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдрийн уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ “Хунтайж Чарльз бол хатан хааныг залгамжлахад хамгийн “тохиромжтой” хүн” гэжээ.

Өдгөө 69 настай Чарльз нь хатан хааны ууган хүү юм. Тэрбээр цаашид 2.4 тэрбум хүн ам бүхий БХН-ийн 53 улс орныг удирдахаар боллоо.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ