1968 оны Мехикогийн Олимпийн үеэр зургаа илгээсэн монгол хүүхдүүдийг эрж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
gantuya@montsame.mn
2018-04-20 15:38:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1968 оны Мехикогийн зуны XIX Олимпийн наадмын үеэр зохион байгуулсан "Дэлхийн нөхөрлөл" зургийн үзэсгэлэнд бүтээлээ хүргүүлж байсан монгол хүүхдүүдтэй Мексикийн Засгийн газар холбоо тогтоохоор ажиллаж байна. 

Тус Олимпийн наадмаас Монголын тамирчид болох Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, анхны олимпийн медалийг эх орондоо авчирч байсан билээ. 

Мексикийн Засгийн газар 1968 оны зуны XIX Олимпийн наадмын үеэр “Дэлхийн нөхөрлөл” зургийн үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд орон орны хүүхдүүдээс ирүүлсэн зургийн үзэсгэлэнд  монгол хүүхдүүд мөн зурсан зургуудаа явуулж байжээ. 2018 онд болж буй XIX Олимпийн наадмын 50 жилийн ойг тохиолдуулан Мексикийн Засгийн газар “50 жилийн дараах дэлхийн нөхөрлөл“ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж уг зургийн үзэсгэлэнд зургаа илгээж байсан монгол хүүхдүүдтэй холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс доорхи зургийг зурсан иргэд, тэдний гэр бүл, таньж мэдэх хүмүүс ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газартай холбогдохыг уламжилж байна. 





 

Н.Туяа
Холбоотой мэдээ