top banner

ЕБС-ийн сурагчид робот угсрах онол технологитой танилцав


2018-04-19 16:22:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Японы Үндэсний технологийн хүрээлэнгээс “Миний анхны робот- 2” арга хэмжээг өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан,  инженерийн боловсрол, практик мэдлэгийг багаас нь таниулах, ирээдүйд шинийг санаачлан улс орны хөгжлийг тодорхойлох, бүтээлч иргэн болж төлөвшихөд нь урам өгч, дэмжих зорилготой.
Хөтөлбөрийг санаачлагч, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа хэлэхдээ, “Манай  инженер бэлтгэж буй сургуулиуд уламжлалт онол талаа барьдаг. Харин Японы Коосэн үндэсний технологийн хүрээлэнгийн хөтөлбөр онол, практикийг хослуулдаг. Тиймээс хүүхдүүдийг багаас нь шинэ технологитой танилцах арга хэмжээг ийнхүү цувралаар зохион байгуулж, нийслэлийн хүүхдүүдийг хамруулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон хүүхдүүд маш их сонирхолтой, идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь харагдаж байна” гэв.



Энэ үеэр ЕБС-ийн дунд ангийн 60 гаруй сурагч японоос авчирсан өөрөө явдаг автомат мэдрэгчтэй робот машиныг гурван цагт багтаан угсарч, түүний онол технологитой танилцлаа. Мөн “ABU Robokon-2018” дотоодын аварга шалгаруулах роботын тэмцээнд амжилттай оролцсон ШУТИС-ийн дэргэдэх Коосэн Технологийн дээд сургуулийн баг хамт олон роботын үзүүлбэр хүүхдүүдэд үзүүлж сонирхуулав.
Оролцогч хүүхдүүдэд угсарсан роботыг нь талархлын хамт гардуулсан юм.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд