top banner

Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ


2018-04-16 19:01:13
Зураг
ЕРЕВАН. /ТАСС/. Арменийн ерөнхий сайдын албан тушаалд Серж Саргсяны нэрийг дэвшүүлснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийж буй сөрөг хүчний төлөөлөгчид тус улсын нийслэл Ереван хотын төвийн хэд хэдэн гудамж болон уулзварыг хаажээ.
 
“Иргэний үл захирагдах ажиллагааг бид явуулж эхэлсэн. Хотын гудамж, өргөн чөлөөнүүдийг хаах, метроны үйл ажиллагаанд саад учруулахыг би ард иргэдэд уриалж байна” хэмээн сөрөг хүчний “Иргэний гэрээ” намын удирдагч, парламентын депутат Никола Пашинян мэдэгджээ.
 
Үүнтэй холбоотойгоор Арменийн цагдаа нар “Эсэргүүцэгчдийн явуулж буй бүхий л ажиллагаа хууль бус бөгөөд тэд иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна” хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд цуглаанд оролцогчдыг парламентын байранд ойртохыг хориглоод байгаа аж.
 
Арменийн Ерөнхийлөгч асан, тус улсын эрх баригч Бүгд найрамдах намын дарга Серж Саргсяны нэрийг Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор өнгөрсөн бямба гарагт дэвшүүлжээ.  

Үндсэн хуулийн шинэтгэлийн хүрээнд Армени улс нь парламентын засаглалд шилжиж, хязгаарлагдмал бөгөөд төлөөллийн үүрэгтэй төрийн тэргүүнийг Үндэсний хурлын депутатууд сонгодог болсон юм. Шинэ үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд улс орны хамгийн өргөн бүрэн эрх мэдэлтэй хүн байх бөгөөд тэрбээр төрийн удирдлага болон гүйцэтгэх засаглалыг удирдах юм. Ерөнхий сайдын сонгууль Арменид энэ сарын 17-нд болох аж.  
Э.Аянзаяа 


Сурталчилгаа
Монгол брэнд