“Оюутолгой”-н гүний уурхайд дэлхийд томд тооцогдох малтлагын ажил өрнөлөө

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2018-04-16 18:57:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюутолгой”-н гүнийн уурхайг бүтээн байгуулалтаас  үйлдвэрлэлийн үе шат руу шилжүүлэхийн тулд хэд, хэдэн чухал байгууламжийг ашиглалтад оруулах ёстой. Тэгвэл гүний уурхайд дэлхийд томоохонд тооцогдох хүчин чадал бүхий "PC-1" анхдагч бутлуурыг суурилуулах хөрс нь  бий болжээ. Өөрөөр хэлбэл газар доорх буюу 1300 метрийн гүн дэх "байшин"-г барихын тулд гадаад, дотоодын маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байна.

Олимпийн таван усан сантай тэнцэхүйц буюу 12 800 куб метр эзлэхүүнтэй талбайн малталтын ажлыг 15 хүн 210 хоногт гүйцэтгэжээ.  Төслийн туслан гүйцэтгэгч болох “Даян  контракт майнинг” дотоодын компани дээрх малталтыг ямар ч осол авааргүйгээр амжилттай гүйцэтгэсэн байна. “Оюутолгой” компани дэлхийд томоохон малтлагад тооцогдох уг камерыг “Аварга” хэмээн нэрийдсэн нь учиртай аж. Бүрэн ашиглалтад орсны дараа дээрх камераар цагт 4000  тонн хүдэр дамжих нөхцөл бүрдэх юм байна. Улмаар үйлдвэрлэлийн идэвхтэй олборлолт явж буй талбараас чулуулгийг туузан дамжуургаар гадаргуу руу зөөвөрлөж болохуйц хэмжээнд хүртэл бутлах төв цэг нь анхдагч бутлуурын хэсэг байх гэнэ. “Анхдагч бутлуур”  нь 9 метр буюу Сүхбаатарын хөшөөтэй тэнцэхүйц өндөртэй, жин нь 300 тонн бөгөөд “Боинг- 747” онгоцтой дүйх аж. 



Өнгөрөгч бямба гарагт “Аварга” камерын нээлтийн туузыг Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Рио тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат нар хайчилж, албан ёсоор нээснээ зарлав. 

“Оюутолгой” гүний уурхайд блоклон олборлох аргыг ашиглах бөгөөд хүдэр нуралтаас үүдэлтэй чулуулгийн даралтыг хянахын тулд хөндийг тасралтгүй өргөтгөх юм байна. Ингэхдээ бэхэлгээг тусгай нарийн шийдлээр төлөвлөн хийсэн нь анхаарал татсан юм. Газрын гүнд хэвийн бэхэлгээнээс гадна нуман хэлбэр үүсгэн тогтворжилтыг сайжруулах зорилгоор 22 мм-ийн диаметртэй  бүдүүн кабель боолтыг газрын  гүнд буюу 14 метрт суулгажээ. 
 

БАРИЛГЫН САЛБАРЫГ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА


Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн хэлэхдээ, “Өнөөдрийн үйл ажиллагаа нь монгол инженерүүдийн туршлага мэдлэг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэдгийг  илтгэж байна. Газар доорхи бүтээн байгуулалт буюу барилгын ажлыг гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааг бүрэн хангасан нь барилгын салбарыг аюулгүй ажиллагааны шинэ шатанд хүргэхэд томоохон  хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй байх аа. Дэлхийд томоохонд тооцогдох томоохон малтлагын ажлыг гүйцэтгэсэн “Даян  контракт майнинг” компанийн хамт олонд талархал дэвшүүлье” гэв.

 

2020 ОН  ГЭХЭД ЗЭСИЙН  ЭРЭЛТ НЭМЭГДЭНЭ




Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн  гүйцэтгэх захирал Арнауд Суарат,
  “Би “Оюутолгой”-д 3 сарын өмнө ирж байлаа. Гэтэл маш богино хугацаанд ийм том бүтээн байгуулалтыг амжилттай хийснийг хараад бахархаж байна. “Оюутолгой” төслийн 14 мянган ажилтан төслийн урагшлах амжилтыг  түүчээлж байгаа юм. Дэлхийн уул уурхайнуудаас аюулгүй ажиллагаагаараа “Оюутолгой” төсөл тэргүүлж байгааг  онцлоход  таатай байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт бол Оюутолгойн төслийн хэр томыг илтгэнэ.  Энэ томоохон ажлыг өрнүүлэхэд Рио Тинто компани Оюутолгойн бүтээн байгуулалтад 7 тэрбум ам. доллар зарцуулсан бол гүний уурхайд нэмж 5 тэрбум ам.доллрын хөрөнгө оруулалт  хийсэн. 12  тэрбумаар хэмжигдэх төслийг  зөвхөн газар дээрх бүтээн байгуулалтаар хэмжиж болохгүй. Гүний уурхайн үйл ажиллагаатай танилцаж нүдээр харсан хүмүүс уурхайн хүчин чадал, далайцыг мэдэрч, ийм хэмжээний  хөрөнгө оруулалт  яах аргагүй шаардлагатай юм байна гэдгийг ойлгох болно” гэв. 

Тэрээр зэсийн ирээдүй хэрхэх вэ гэсэн асуултад,
“Металлын зах зээл хувьсамтгай хэдий ч зэсийн зах зээлийн суурь үзүүлэлтүүд нааштай эерэг байна. Жилд дунджаар зэсийн эрэлт 2-3 хувиар өсч буй юм. Цахилгаан хөдөлгүүртэй машин ердийн машинаас 7 дахин их зэс зарцуулдаг. Нөгөөтэйгүүр дэлхий даяар зэсийн уурхайг шинээр эрж хайх, хөгжүүлэх чиглэлд хангалттай хөрөнгө зарцуулахгүй байна. Тиймээс зэсийн нийлүүлэлт нэг хэсэгтээ тогтворжоод цаашид буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Нийт салбарын хувьд хүдэр дэх металлын агуулга буурч байна. Нийлүүлэлтийн дутагдлыг нөхөхийн тулд шинээр уурхайнууд түрж гарах шаардлага бий. Гэвч үүнд 10-20 жил шаардах хугацаа харагдаж байна. Нийлүүлэлт буурах хандлага байгаа учир 2020 он  гэхэд зэсийн  эрэлт нэмэгдэнэ гэсэн дүр зураг байна. Үүнтэй зэрэгцэн “Оюутолгой” 2020-2021 он гэхэд гүний уурхайгаас эхний бүтээгдэхүүнүүд гарна.
 

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТЫГ 100 ХУВЬ ХАНГАН АЖИЛЛАВ

“Даян контракт  майнинг” компанийн дэд захирал Б.Баярцэнгэл, “Манай компани 2015 оноос эхлэн “Оюутолгой”-н гүний уурхайн малталт нэвтрэлтийн үйл ажиллагааг явуулсан. Одоогоор  1403 ажилтантай үйл ажиллагаа явж байна. Нийт ажиллагсдын 22 хувь нь Өмнөговь аймгийнх. Бид “нэгдүгээр босоо ам”-ийн малталт буюу 26 км-ийн өргөнтэй ажлыг гүйцэтгээд байна. Энэ нь дахиад 20 км үргэлжилж 46 км-т хүрэх юм. Харин “Хоёрдугаар босоо ам” төсөл дээр 1284 метрийн түвшин хүртэл нэвтэрсэн. “Босоо ам -5”-д  1178 метрийн түвшин хүртэл нэвтэрч, аюулгүй ажиллагааны стандартыг 100 хувь ханган ажиллаж байна.” 
 

“ОЮУТОЛГОЙ”-Н ҮР ШИМИЙГ ЗӨВХӨН ЭНЭ ҮЕИЙНХЭН БИШ  ХОЙЧ ҮЕ ХҮРТЭНЭ




“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армонда Торрес, “Өнөөдөр гүний уурхайд дэлхийн гуравт орох хүчин чадал бүхий PC-1 анхдагч бутлуурыг суурилуулах малталтын ажлыг амжилттай гүйцэтгэсэн нь төслийн бүх ажилтнуудын хувь нэмэр орсныг хэлэхэд таатай байна. “Оюутолгой” төслийн үр шимийг зөвхөн энэ үеийнхэн биш бидний  ирээдүй хойч үе хүртэнэ.  Түүхэн амжилтыг бүтээхэд  гар бие оролцож, хүн бүрийн оруулах хувь нэмрийг  бага гэлтгүй үнэлэх ёстой. Гол нь бид хамтдаа нэгэн зүгт гар нийлэн ажилласнаар томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, бататгаж чадна” гэлээ.  
 

УУРХАЙ  АШИГЛАЛТАД ОРСНООР “АНХДАГЧ БУТЛУУР” ӨДӨРТ 96 МЯНГАН ТОННЫГ БУТАЛНА




“Оюутолгой”-н Гүний уурхайн уулын инженер Н.Ууганбаатар,“Бид “Цонжин болдог”-ийн өндөртэй тэнцэх малталтын ажлыг гүйцэтгээд байна.Гүний уурхайд хоёр бутлуур байх юм. Гүний уурхайг өргөтгөхөд үндсэн бутлуур гол  ажил гүйцэтгэнэ. Анхдагч бутлуур цагт 4000 тонн бутлах бол гүний уурхай бүрэн  ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрснээр өдөрт 96 мянган тонн бутлах боломжтой. 

Дээрх малталтын ажлыг өнгөрсөн оны 8 дугаар сарын 31-нээс эхэлжээ. Гүний уурхайн нийт малталтын ажлыг энэ оны 12 дугаар сард дуусах юм байна.  Харин бутлуурын суурилуулалтын ажлыг  2019 оны  эхний сард хийх бол 2020 оны 6 дугаар сарын 20-ноос үйлдвэрлэлээ эхлэхээр төлөвлөөд байгаагаа “Оюутолгой” төслийнхөн дуулгалаа. Одоогийн байдлаар гүний уурхайд нэг ээлжинд 400 гаруй хүн  ажиллаж байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ