top banner

Д.Лүндээжанцан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзав


2018-04-16 17:14:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй өнөөдөр уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нийтийн сонсгол, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх зэрэг ажилд хамтран ажилласан нь амжилттай болсныг уулзалтын эхэнд дурьдаад, үе үеийн парламентыг чадавхижуулахад тус сангийн үзүүлсэн дэмжлэгийн талаар товч ярилаа.

Тэрбээр энэ үеэрээ шинээр томилогдон ирсэн суурин төлөөлөгчийн цаашдын ажилд амжилт хүссэн юм.
Суурин төлөөлөгч Марк Кэйниг манай улсад өнгөрсөн нэгдүгээр сард томилогдон ирсэн талаараа хэлээд, хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Тэрбээр аливаа асуудлаар улстөрийн эрх ашгаас илүү ард иргэдийн саналыг сонсох боломж олгодог зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байхтай холбогдуулан саналаа хэлсэн. Мөн орон нутгийн засаглал, нийслэлийн эрх зүйн байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо хэллээ.

Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд маргааш манай улсад айлчлан ирэх учир талууд хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн уулзалт зохион байгуулж, санал солилцохоор шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сурталчилгаа
Монгол брэнд