top banner

Барилгын материалын худалдаа эрхлэгчид Нийслэлийн саналыг дэмжинэ гэв


2018-04-16 13:41:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга өнөөдөр 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлаар тус захад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
НИТХ-ын тэргүүлэгчид энэ оны нэгдүгээр сард нийслэлийн агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулж, Ч.Гантулга төлөөлөгчийг даргаар нь томилсон юм.

Ажлын хэсгээс 100 айл орчимд хөрсний бохирдол, автозамын түгжрэл болон бусад асуудлаар судалгаа хийсэн байна. Тус захад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж тус захад үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 320 иргэн аж ахуйн нэгж байгаа бөгөөд ирэх сараас 10 дугаар сарыг дуустал энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн 100 айл орчимд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын 153 хүүхдэд цусны шинжилгээ хийсэн. Шинжилгээ хийсэн хүүхдүүдийн 60.1 хувьд нь хар тугалга илэрчээ. Мөн тус хэсэгт нийтийн ариун цэврийн байгууламж, стандартын шаардлага хангасан цайны газар байхгүй зэрэг олон асуудал тулгарч буй юм. Тиймээс ажлын хэсгээс бизнес эрхлэгчид, иргэдийг хохироохгүйгээр дээрх асуудлыг 2018-2020 онд бүрэн шийдвэрлэх гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Тухайлбал, нэгдүгээр үе шатанд ОӨУБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд шилжүүлэх замаар хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийслэлийн баруун болон хойд чиглэлд барилгын материалын шинэ зах нээх, ил задгай худалдаа, стандартын шаардлага хангаагүй цайны газруудыг хаахаар төлөвлөжээ. Мөн будаг, төмөр зэрэг химийн хортой үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад нүүлгэн шилжүүлэх аж. Тус паркын ус, дулаан, цахилгаанаас эхлээд дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж байгаа тул химийн хортой үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, явган хүний болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулах, орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүцтийн хөгжлийг сайжруулах юм. Харин гуравдугаар үе шатанд ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нурааж, дахин төлөвлөх, орчин үеийн худалдаа, үйлчилгээний төв барихаар төлөвлөж байгааг Ч.Ганхуяг төлөөлөгч танилцууллаа.
Мөн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, “100 айлд байрлах ил задгай худалдаа, эмх замбараагүй байдал, хөрсний бохирдол бол хэрээс хэтэрсэн. Энэ хэсэгт автомашины сэлбэгийн хулгайгаас эхлээд хамгийн их гэмт хэрэг гардаг. Тиймээс энэ хэсгийн худалдаа, наймааг цэгцлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж, нөхцлийг хангах асуудал олон жил яригдаж байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нь туйлын чухал юм” гэлээ.

Бизнес эрхлэгчид нийслэлийн удирдлагуудын санал, бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлж байлаа. Тухайлбал Монголын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Лхамсүрэн, “Би болон манай хүүхдүүдийн “Ихэр Сутай”, “Сутай” компани 100 айлд 7000 ам дөрвөлжин метр барилга эзэмшдэг. Үүнд 150 орчим түрээслэгч ажиллаж байна. Бид Сэлбэ голын зүүн талын даланг 4 автоамашин зөрөх хэмжээтэй болж өргөтгөсөн, өндөр хүчдэлийн шугам, цэвэр бохир усны шугамыг шинэчилсэн. Мөн 33 дэлгүүрийн дулаан, цэвэр, бохир усны шугамыг шинэчилж, 4000 гаруй ам дөрвөлжин метр хатуу хучилттай автозам, талбайг тохижууллаа. Гэтэл сүүлийн 3 жилийн хугацаанд 100 айлыг нүүлгэх асуудал яригдаж байгаа. Энэ хугацаанд төрийн түшээд бидэнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Өнөөдөр хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг минь сонсож байгаад талархаж байна” гэв.

Мөн бизнес эрхлэгчдийн зүгээс дэлгүүрүүдийн гадна талбайд зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа хийж буй иргэдийг цэгцлэхэд нэн тэргүүнд анхаарлаа хандуулахыг хүслээ. Эдгээр иргэд түрээс, татвар төлдөггүйгээс гадна автозам хаах зэргээр хүндрэл үүсгэдэг гэдгийг хэлж байв.

Ийнхүү ажлын хэсгээс ойрын хугацаанд 100 айлын барилгын материалын захад дахин бизнес эрхлэгчидтэй уулзахаар тохирлоо.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд