top banner

Дэлхийн шилдэг “Браво” шагналын эзэн, МУГЖ Э.Амартүвшин “Травиата”-д дуулна


2018-04-16 11:39:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн 160 гаруй жилийн түүхтэй Ж.Вердийн “Травиата” дуурь анх Монголын тайзнаа 1977 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тавьж, өдгөө 41 дэх жилтэйгээ золгож байна.
УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 22-нд тоглох энэхүү дуурийн 106 дахь удаагийн тоглолтод МУГЖ, Монгол Улсын Соёлын элч, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин дуулна. Тэрбээр дэлхийн нэр хүндтэй том театруудад уригдан сонгодог дууриудад тоглож, дэлхийн шилдэг сонгодог дуучдын нэг гэдгээ баталсаар ирсэн билээ. 2018 оны 3 дугаар сарын 11-нд Москва хотноо “Большой Театр”-ын тайзнаа дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчдийн олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн "Браво” ёслолд уригдан Евро Азийн 15 улсын сонгодог урлагийн мэргэжлийн уран бүтээлчдээс шалгаран шилдэг "Браво” шагналын эзнээр тодорсон билээ.
Мөн 2018 оны 1 дүгээр сарын 12-21-нд Итали Улсын Режио ди Парма хотын театрт Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг гайхалтайгаар бүтээж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэгнэсэн юм. Түүнчлэн Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны “Мөнгөн” шагнал, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при” буюу шилдгийн шилдэг дуурийн дуучны шагналт, “BBC” телевизээс хоёр жил тутамд болдог дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт гээд түүний гавьяа шагналыг дурдаад баршгүй. Түүнийг Итали улс даяар дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байсан бөгөөд Режио ди Парма театрт Маэстрог дуулж эхлэхээс дуусах мөч хүртэл  чимээ намдаж үзэгчид амьсгалаа хураан үзжээ. Дуурийн эх орон болох Италийн үзэгчид монгол залуугийн дуу, хоолойны өнгө, Риголеттогийн хэлэх үг, мэдрэх мэдрэмж, бодол хүслийг дамжуулж буй тайзны өвөрмөц эрхэмсэг хөдөлгөөнөөр мэдэрч чадсаныг бишрэн шүтэж байсан юм. Тэрбээр дэлхийн “Сонгодог урлагийн шилдэг” гэдгээ ийнхүү баталсаар яваа дуучин билээ.
 
Ж.Болор
 
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд