Зуухаа сайжруулах биш нүүрсээ боловсруулах шийдэлд хүрэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-04-14 22:13:45
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Арвайхээр хотын агаарын чанарын үзүүлэлтүүд болон агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн тооллого, чанарын хяналт, хэмжилтийн дүнгийн тухай” хэлэлцэж, агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух нийлүүлэх биш, түлж буй нүүрсэндээ боловсруулалт хийх нь зөв гэсэн шийдэлд хүрлээ.
Аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал “Зуухаа сайжруулаад амжилтанд хүрэхгүй байна. Тиймээс нүүрсээ боловсруулах нь зөв. “Баянтээг” уурхайгаас түүхий нүүрс биш, шахмал түлш үйлдвэрлэж, өөрсдөдөө болон бусад аймаг, хот руу нийлүүлэх боломж хайх хэрэгтэй” гэж байв. “Баянтээг” ХК-ийн ТУЗ-өөс энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдын зөвлөхүүд болон тус аймгаас сонгогдсон гишүүдтэй уулзаж ярилцжээ. Гэвч одоогоор гарц олоогүй байна. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Шахмал түлш нь бүрэн шаталттай, утаа бага гаргадаг, түүхий нүүрснээс бага үнэтэй байх юм бол иргэд рүү чиглэсэн тодорхой шийдвэрийг ИТХ-аас гаргаж болно” гэж байлаа.
Аймгийн 19 суманд агаар бохирдуулах эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-аас 11 дүгээр 15-ны хугацаанд зохион байгуулахад том, бага оврын хүчин чадалтай зуух 15274 ширхэг тоологджээ. Үүнээс 10 кВт хүчин чадалтай зуух 14960, 11-100 кВт хүчин чадалтай зуух 225, 101 кВт-аас дээш хүчин чадалтай зуух 89-ийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглаж байгаа юм. Ердийн галлагаатай буюу 10 кВт хүчин чадалтай зуух ашиглагчид 2017 онд 248 гаруй мянган тонн нүүрс, 639 тонн шахмал түлш, 340 м/3 мод хэрэглэжээ.
Агаар бохирдуулагч бас нэг үүсвэр бол автомашин бөгөөд аймгийн хэмжээнд 10656 тээврийн хэрэгсэл байгаагаас 59 хувь буюу 5821 нь суудлын машин, 33 хувь буюу 3266 нь ачааны  машин байна. 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ