top banner

Соёлын түүх ба уламжлалын үнэ цэнэ


2018-04-12 10:25:28
Зураг
Эртний их түүх дурсгал, Монголчуудын сэтгэлгээний онцлог бүхий соёлын хосгүй үнэт өвийг хадгалсан газрын нэг нь “Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей” юм. Тийм дээ ч  энэ удаа тус музейн ховор, үнэ цэнэтэй үзмэрүүдээс танилцуулахаар шийдлээ.

Ер нь энэ музейн барилга өөрөө “түүх” юм. Уг музейн барилга өнөөгийн Улаанбаатар хотод баригдсан хамгийн анхны “европ” хийц бүхий байдгаараа онцлогтой. Тиймдээ ч соёлын хосгүй үнэт өвийн “алтан хайрцаг” болон үлдсэн нь гарцаагүй.

Эдгээр морьтой болон энгийн шавар хүмүүс нь Занабазарын нэрэмжит музейн голлох, ховор үзмэрүүдийн нэг юм. Монгол Улсын Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Баян нуур сумын заагт орших Заамар сумын төвөөс 28 км зайтай, Агит, Төмст хэмээх хоёр том уулын дундах цэлгэр хөндийд уг дурсгалын зүйлүүд олдсон бунхан байжээ.  



Монголын эртний эзэнт гүрэн болох Түрэг, Уйгарчуудын ертөнцийг үзэх үзэл, уламжлалт зан заншил, сэтгэхүйн онцлогыг эдгээр үзмэрүүд бүрнээ илтгэнэ. Бунханаас олдсон шавар хүмүүс, модон хүүхэлдэй болон бусад олдворууд нь жинхэнэ утгаараа нас барагчидад зориулсан тахилга, тайлгын эд зүйлс гэж судлаачид дүгнэжээ.

ШАВАР ХҮМҮҮС БА МОДОН ХҮҮХЭЛДЭЙ

Бунхнаас илэрсэн олдворуудын дотор модоор ур хийц сайтай сийлсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүрс бүхий олдоврууд ихээр гарчээ. Зарим хүүхэлдэйг модоор сийлж, даавуу, торгоор хувцас өмсгөн үйлдсэн байна.

Коко Шаннель хар цагаан хослол бүхий брэнд бүтээгдэхүүн бий болгож байсан шиг эртний үед улаан цагаан хослол бүхий судалтай хувцас хүүхэлдэйнүүдэд зориулан урласнаас харахуйд монгол хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ ямархан өндөр түвшинд байсан нь илхэн харагдана.


 
Шавар баримлуудыг бага зэрэг чулуулагтай, элсэрхэг улаан шаргал шавраар хийж хар, цагаан, улаан хүрэн байгалын будгаар будсан байна. Нүүрийг нь тод томруун дүрсэлж, өтгөн хөмсөг, монхордуу шулуун хамартай хийснээс үзэхэд монгол хүнийг дүрсэлсэн нь тодорхой. Энэ маягаар уруулыг нь хүртэл өнгө, өнгөөр ялган будсаныг үзэхэд хэчнээн нарийн урласан нь мэдэгдэнэ.

Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Харин дэлхий даяар хүүхэлдэй хэмээх ойлголтыг Барби төлөөлж байдаг. Тиймээс Монголчууд ч эртний уламжлалаа хөгжүүлэн зах зээлд үндэсний онцлог бүхий модон хүүхэлдэйнүүдийг урлаж нийлүүлэх болсон.

Жишээ нь хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин Өвөг дээдэс маань хүүхэлдэйн урлагаа маш баялаг уламжилж үлдээжээ. Нүүдэлчин иргэншлийн онцлог нь өв соёлоо бичиж үлдээдэггүй. Үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, оюун санаасаа оюун санаад дамжуулж ирсэн. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдаг. Энэ нь энгийн үндэсний хувцастай хүүхэлдэйнээс өөр юм. Хэн ч байсан монгол ахуй, соёлоо мэдэх тусам бусдын соёлд автахгүй болно. Ирээдүйд зөв алхам хийж, зөв амьдарья гэвэл үүх түүх рүүгээ заавал эргэж харах ёстой. Учир нь өнгөрсөн цагт монголчууд хүчирхэг байсан. Ирээдүйд дахин хүчирхэгжих үндэс өнгөрсөн цагт байна” хэмээсэн буй. Тиймээс ч бид өөрсдийн гэсэн брэндийг бүтээж чадна. Учир нь олон зууны уламжлал, бүтээлч сэтгэхүйн онцлог нь бидэнд эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн билээ.



МАХРАНЗ

Бунхант булшнаас бухан дээр зогсож буй баатарын дүрслэл бүхий шавар баримал илэрсэн нь нэн сонирхолтой. Монгол нутагт өмнө нь үүнтэй ижилсэх дурсгал одож байгаагүй боловч хятадын нутгаас Эртний Тан улсын үед холбогдох бунхант булшнаас түүнтэй ойролцоо дүрслэлтэй олдвор олдож байсныг эрдэмтэн судлаачид “Махранз” хэмээн нэрлэжээ.

“Махранз” гэдэг нь “Махаража” гэдэг сансрикт нэрийн монгол дуудлага агаад Маха гэдэг “их”, ража гэдэг нь “хаан” гэсэн утгатай.

Манхранз нь дөрвөн өөр байх бөгөөд тэдгээр нь дөрвөн зүгийн гай барцадыг зайлуулдаг, хуяг дуулга өмссөн догшин дүртэй байна. Тиймээс Манхранзыг бунханыг муу зүйлээс хамгаалах “хамгаалагч сахиус” гэсэн утга санаагаар дагалдуулан урласан байна.



Энэхүү махранзын дүрслэл нь хэвтэж буй бухан дээр зогсож буй хүн төрхтэй. Улаан хүрэн өнгийн хуяг дуулга өмсөн босоо зогсож, баруун гараа ташаандаа авсан байдалтай, өмссөн хуяг, дуулга нь маш гоёмсог бөгөөд хуягны хоёр мөрнөөс хоёр гарыг нь амаа ангайн буй амьтны амнаас гарсан байдлаар дүрсэлжээ. Энэхүү манхранзын гадаад дүр, дүрслэл, зохиомж нь Буддын шашны махранзтэй нэлээд төстэй гэж судлаачид дүгнэдэг.

ДОМГИЙН ШУВУУ ГАЛБИНГАА

Өөр нэг онцлог бүхий үзмэр бол домгийн шувуу галбингаа юм. Уг шувууны тухай дэлхий нийтэд олон янзын үлгэр домог байдаг ч ихэнх хувь нь Буддын шашинд өгүүлэгдсэн домгийг уншсан байдаг.Тийм дээ ч энэхүү шувууны бэлгэдэл нь Буддын шашны дэлгэрэлтийг дагаж Хятад, Япон, Тайланд, Вьетнам, Кампучи зэрэг Зүүн болон Өмнөд Азийн орнуудад ихэд түгэж, бурхан Бодисадва нарын дэргэд тахил өргөн дуулж, хөгжимдөж буй байдлаар дүрслэгдсэн байдаг.

Энэхүү шувууны дүрслэл нь орон бүрт өөр өөрөөр дүрсэлсэн байдаг ч нийтлэг дүрслэл шинж нь толгой хийгээд цээжин бие нь хүнийх, хөл болоод бөгсөн бие нь шувуу адил өд сөд, хайрсаар бүрхэгдсэн, жигүүр далавчтай, шувуу мэт урт сүүлтэй байдаг.



Монгол нутгаас олдсон галбингаа шувуу нь ерөнхийдөө Азий бусад орныхтой ойролцоо боловч орон нутгийн онцлогийг хадгалсан байгаагаараа эрс ялгарна. Шувууны нурууг төвийлгөн, доош унжсан багсгар сүүлтэй, их биеийн хоёр талд эм углуурга гаргаж, далавч тогтоосон, хүзүү, цээж, сүүлний доод хэсгийг цайвар шаргал өнгөөр, нурууг нь улаан өнгөөр ялган будсан байна. Эртний Түрэгийн үе, VII зуунд хамаарагдах эдгээр бүтээлүүдийн ур хийц, хуяг дуулганы хээ улгалзнаас монголчуудын язгуур сэтгэлгээ, шашин филосифын үзэл нэвт харагдана.

Монголчуудын урлагийн мэдрэмж, соёлын түүх нь ийнхүү эртний үеэс улбаатай болохыг үзмэр болгон дор бүртээ гэрчилж байна.
 
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг
| Н.Батбаяр
 
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд