Хоёр Солонгос болон АНУ гурван талын дээд хэмжээний уулзалт хийж магадгүй

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-21 12:30:47
СӨҮЛ. /ТАСС/. АНУ болон хоёр Солонгосын удирдагчид гурван талын дээд хэмжээний уулзалт хийж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ.
 
“Хоёр Солонгосын удирдагчдын хийх дээд хэмжээний уулзалтын дараа Умард Солонгос болон АНУ-ын удирдагчид яриа хэлэлцээ хийх нь түүхэн үйл явдал болох юм. Үүнээс гарах үр дүнгээс хамаарч хоёр Солонгос болон АНУ-ын удирдагч нарын гурван талын дээд хэмжээний уулзалт болж магадгүй” хэмээн Мүн Жэ Ин ярьсан байна.
 
Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудал эрхэлсэн хороог Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газар өнгөрсөн долоо хоногт байгуулсан байна. Хорооны бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён, Ерөнхийлөгчийн тамгын газрын бодлогын асуудал эрхэлсэн газрын дарга Чан Ха Сон, гадаад хэргийн сайд Кан Гён Ха, батлан хамгаалахын сайд Сон Ён Му, Үндэсний тагнуулын албаны захирал Со Хун болон Засгийн газрын бодлого зохицуулалтын газрын дарга Хон Нам Ги нар багтаж байгаа аж.
 
Тус хороо нь долоо хоног бүр эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хуралдах аж. Түүнчлэн тус хороо нь солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлыг бэлтгэх, олон нийттэй харилцах болон удирдлагын ерөнхий асуудал эрхэлсэн гурван дэд хорооноос бүрдэж байгаа гэнэ.
 
Энэ сарын 5-6-нд Чон Ый Ён болон Со Хун нар Умард Солонгосын Пхеньян хотод айлчилж тус улсын удирдагч Ким Жөн Унтай 4 цагийн уулзалт хийсэн билээ. Айлчлалын дүнд хоёр Солонгосын удирдагчид дөрөвдүгээр сарын сүүлээр уулзалт хийхээр тохиролцсон юм.
Э.Аянзаяа 


Холбоотой мэдээ