Гадаадын иргэд зөвшөөрөлгүй гоо сайхны эмчилгээ хийж байжээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2018-03-21 12:27:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас  нийслэлд үйл ажиллгаа явуулж буй арьс эмчилгээ, гоо сайхны мэс ажилбар, тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар өнөөдөр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс (ЭМБСХХ)-ийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл хийв.

Шалгалтад гоо сайхны 56 эмнэлгийг хамруулсан бөгөөд гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирсэн, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нийтлэг зөрчил илэрснийг мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тухайлбал, Шангри-Ла төвд байрлах “Үлэмж клиник” эмнэлэгт ажиллаж буй Япон улсын иргэн нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байжээ. Мөн “Аллерги мед” эмнэлгийн зөвшөөрлийг ашиглан Солонгос улсын иргэд нүүр өргөх болон бие галбиржуулах сургалт явуулж байсныг илрүүлсэн байна.

Түүнчлэн гоо заслын эмнэлгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон ашигласан тохиолдол илэрчээ. Тиймээс НМХГ-аас 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21 сая 300 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 750 мянган төгрөгийн хууль бус орлогыг хураажээ.

НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш, “Гоо сайхны чиглэлээр эмнэлгийн тусламж уйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын эмч мэргэжилтэнгүүдийг урьж ажиллуулахдаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг зохих журмын дагуу авч авах, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэхийг анхааруулж байна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт эм бэлдмэл мэтээр сурталчилж, иргэдийг төөрөгдүүлж байна. Тухайлбал монголчуудын дунд ихээхэн тархаад буй “Alivemax” эмчилгээний бус хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм” гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ