top banner

П.Сэргэлэн: Хүүхэд гэмтсэн асуудалд ММСУХ хариуцлагаа хүлээнэ


2018-03-20 19:29:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дүнжингарав 2018” төвийн бүсийн Хаврын хурдан морины уралдааны талаар Монголын морин спорт, уяачдын холбооноос /ММСУХ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн "Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд хийж, ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машин дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан.
Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан. Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий болсон. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарсан" гэлээ. 

Уралдааны үеэр унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн хүүхдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарах боломжтой болсон гэдгийг тэрбээр мөн хэлээд, хүүхэд гэмтсэн асуудалд Морин спорт, уяачдын холбоо холбогдох хариуцлагаа хүлээнэ гэдгээ илэрхийлэв. 

Өнгөрсөн ням гарагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон "Дүнжингарав" уралдаанд 800 гаруй уяачид оролцож, үзэж сонирхохоор 40 мянга гаруй хүн цугларчээ. Хэдийгээр 120 гаруй цагдаагийн албан хаагчид оролцон аюулгүй байдлыг хангаж ажилласан ч задгай тал дээр иргэд уяачид, зохион байгуулагчдаас гаргасан журмыг зөрчиж, уралдааны замруу орж ирсэн нь үзэгдэх орчныг хязгаарлаж, их хэмжээний тоос босоход нөлөөлжээ. Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш насны хүүхдүүдийг унаачаар оролцуулахаар журамласан ч уяачдын зүгээс морь гараанаас гарахад 11 настай хүүхэд унуулж гаргасан гэлээ. Уралдааны үеэр 16  хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнээс тархиндаа доргилт авсан 11 настай хүүхдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарах боломжтой болжээ. Цаашдаа Үндэсний их баяр наадмаас бусад бүсийн шинжтэй хурдан морьдын уралдааныг зохион байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг ММСУХ-оос онцолж, Уяачдын их хурлыг хуралдуулах ёстойг хэлж байв. 
Н.Туяа
 

Монгол брэнд