Хөлбөмбөгийн тамирчдын гэмтлээр мэргэжсэн эмч нарт сургалт зохион байгуулав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-03-20 17:02:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУХБХ /FIFA/-ны дүрмийн дагуу Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн клубүүд өөрийн мэргэжлийн эмчтэй байх ёстой.

Иймд уг дүрмийн дагуу сургалтыг МХБХ-ноос зохион байгуулав. Энэ ажлын хүрээнд МХБХ-ноос эмч нарт зориулсан сургалт, зөвлөгөөг хүлээн авч явуулах хүсэлтэй байгууллага, хувь хүнийг дэмжиж ажилладаг.

Өнгөрсөн онд “Herbalife Nutrition'-той хамтран, хөлбөмбөгт элбэг тохиолддог бэртэл гэмтлүүдийн эсрэг ямар эмчилгээ хийх талаар Испанийн хүний их эмч Хулиан Альварез Гарсия манай эмч нарт зөвлөгөө өгч байсан билээ. Харин энэ удаа МХБХ, Кайёо ТББ хамтран зөвхөн хөлбөмбөгийн тамирчдад зориулсан нийтлэг гэмтлийн эмчилгээ, бэртлийн дараах нөхөн сэргээлт, хөдөлгөөн засалтын сургалтыг зохион байгуулав.

“Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн эмч нар төдийгүй Монголын хөлбөмбөгийн клубын эмч, дасгалжуулагчдын дунд нээлттэй болсон уг сургалтад, Японы Засгийн газрын Жайка байгууллагын мэргэжлийн хөдөлгөөн засалч Кимото Роёото зөвлөгөөн өгч, шаардлагатай мэдээллийг хүргэсэн байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ