Банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлснээр зээлийн хүү буурна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-03-20 16:29:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулж, банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар зээлийн хүү буурах боломжтой гэдгийг Монголбанкнаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр оролцогсод тодотгов.

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж ирсэн зээлийн хүүг бууруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ажлын байр нэмэгдэж, ДНБ хурдацтай өсөх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хүлээсэн. Энэ хүрээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан байна.

Урт хугацаанд инфляцийг нам дор байлгах нь зээлийн суурь хүү буурах үндсэн нөхцлийг бүрдүүлэх юм байна. Дээрх  замаар бодлогын хүүг бууруулах шаардлагатайг онцолж байна. Түүнчлэн чанаргүй зээлийн  төлөлтийг түргэн хугацаанд шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авах, орлогын албан татвар ногдуулж буй шатлалын босгыг өсгөх, хямд өртөгтэй гадаад эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хүүнд нөлөөлөх зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой аж.

Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүү өнөөдөр асуудал болчихоод байгаа юм биш. 27 жилийн өмнө бий болсон зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцын нэг хэсэг. Энэ хугацаанд бид эдийн засгаа хэрхэн удирдав гэдгийн гол  толь юм. Хүмүүс Төв банкны бодлогын  хүү өндөр байгаа учраас зээлийн хүү их байна гэдэг. Бодит байдал дээр Монгол Улс гадаад шоконд өртөмтгий, олон улсын зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ унахад эдийн засагт шууд нөлөөлдөг. Гадаад шокоос хамгаалахын тулд валютын албан нөөцийг нэмэх болон төсвийн орлогоос илүү хөрөнгийг баялгийн санд хадгалах замаар эрсдлээс сэргийлэх боломжтой. Гэхдээ энэ богино хугацааны арга хэмжээ. Урт хугацаандаа бид эдийн засгаа төрөлжүүлэх ёстой” гэв.

Монголбанкнаас арилжааны банкуудын дунд “Зээлийн хүүний санал асуулга”-ын судалгааг явуулсан байна.

Энэ судалгаагаар банкууд зээлийн хүүгээ тогтоохдоо эх үүсвэр, үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэл, зорилтот ашгийг хамгийн их харгалзан үздэг аж. Мөн банкууд зээлийн хүүгээ бууруулахын тулд өөрсдийн зүгээс хямд өртөг бүхий эх үүсвэр татах, ашгийн төлөвлөлт, үйл ажиллагааны зардлаа бууруулах болон зээлийн эрсдлийг багасгах нь чухал гэсэн байна.
О.Мөнхжаргал
Холбоотой мэдээ