“Монгол Тохь” компани орчны тохижилтыг сайжруулахад хоттой хамтрах хүсэлт тавив

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-03-20 14:37:32
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлтээ ирүүлсэн “Монгол Тохь” компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бизнесийн төслөө эхлүүлэхэд нь дэм өгөх зорилгоор хүлээн авч уулздаг. Тус уулзалтаар иргэд санаж бодсон санал санаачилгаа танилцуулж, хамтран ажиллахыг зорьдог. Өнөөдрийн уулзалт ч мөн ийм үр дүнтэй болно гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

“Монгол Тохь”компани ногоон байгууламж, гадна орчны тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 2008 оноос эхлэн Улаанбаатар хотын ногоон байгууламж, тохижилт үйлчилгээний ажлуудад хувь нэмрээ оруулж иржээ. Тухайлбал, 2016 онд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Цаашдаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн орчны тохижилтыг сайжруулах чиглэлд нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа “Монгол Тохь” компанийн захирал Д.Цэрэндолгор уулзалтын үеэр илэрхийлэв.

 Мөн  үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн орлогч дарга Ү.Оюунзул, “Анх “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулахад 100 мянга гаруй мод тарьсан бөгөөд эдүгэ 98 хувь нь ургаад байна. Цаашид “Монгол Тохь” компанитай  бүтээн байгуулалтын ажил дээр хамтарч ажиллахад бэлэн” гэв.

Д.Сарантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ