top banner

Оюутан тэшүүрчид Минск хотноо ДАШТ-д хурдаа сорино


2018-03-20 11:43:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларусийн Минск хотноо гуравдугаар сарын 20-25-нд тэшүүрийн дэлхийн оюутны аварга шалгаруулах IV тэмцээнд Монгол Улсаас хоёр тамирчин хурдаа сорино.

Энэ онд Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн спортын 30 гаруй төрлөөр зохион байгуулахаас Монголын тамирчид 10 спортын төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Оюутан тамирчдын ДОАШТ-ий салхийг ийнхүү тэшүүрчин тамирчид хагалж байгаа бөгөөд уг тэмцээнд 20 орны 100 гаруй тамирчид оролцоно. Монгол Улсаас эрэгтэйчүүдээс спортын дэд мастер А.Хосбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМ А.Зул нар хурд, хүчээ сорин уралдана.

Манай баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа базааж байна. А.Хосбаярын хувьд энэ тэмцээн анхны олон улсын тэмцээн юм. Харин ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казакстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II тэмцээн, 2017 оны хоёрдугаар сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны өвлийн 28 дугаар Универсиад их наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон туршлагатай, ирээдүйтэй шилдэг оюутан тамирчин билээ.

Тэд 2022 онд Бээжин хотноо болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эртнээс хангаж байгааг Монголын оюутны спортын холбоо, Монголын тэшүүрийн холбооноос мэдээлж байна.

Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд