top banner

П.Эрдэнэтуяа: Монголбанк төрц алтыг 10 хүртэлх хувиар өндөр үнээр худалдан авч байна


2018-03-19 13:21:21
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран “Mongolia Gold – 2018” олон улсын чуулган, үзэсгэлэнг 3 дугаар сарын 15-16-нд зохион байгууллаа.

Өнгөрсөн онд алт үйлдвэрлэгчид 20.05 тонн алтыг төв банкинд тушааж, гадаад валютын нөөцийг 700 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Хурлын үеэр Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас 2018 онд алт тушаалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тус банкнаас хэрэгжүүлэх ажлын талаар тодрууллаа.

- “Mongolia Gold” хурлыг өнгөрсөн онд анх удаагаа амжилттай зохион байгуулсны үр дүнд тухайн онд тушаасан алтны хэмжээ ойрын жилүүдэд тушаагдаагүй өндөр гарлаа гэж хэлж байна шүү дээ?

- Уг хурал маань алт олборлогчдийн үйл ажиллагааг олон нийтэд зөв өнцгөөс таниулах зорилготой. Энэ бол бизнесийн нэг төрөл. Нөгөө талдаа Монголбанкинд алт тушааж байгуу байгууллага, иргэнд “Гэрчлэх бичиг” олгож байна.. Алт олборлогчдыг байгаль орчныг сүйтгэж, хөлжсөн хүмүүс гэж харах сөрөг хандлагаас илүүтэй энэ хүмүүсийн хөдөлмөр Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгааг таниулах талаас нь Монголбанк хамтран ажиллаж байна.

- Монгол банкинд тушаасан алтны хэмжээнээс тухайн жилдээ олборлосон нийт алтны хэмжээ илүү байгаа гэж үзэх үү?

- Тийм ээ. Монголбанкинд өнгөрсөн жилийн турш тушаасан алтны хэмжээ 20.05 тонн юм. Олборлосон алтаа тэр дор нь өгөх, хадгалах эсэх нь алт үйлдвэрлэгчдийн сонголт. Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард олборлосон алтыг энэ оны 2 дугаар Монголбанкинд тушааж байх жишээтэй. Тухайн компаниудын бизнес төлөвлөлт, ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлээс хамаардаг. Олборлосон даруйдаа тушаах ёстой гэсэн ойлголт байхгүй. 

- Монголбанкинд тушаасан 20 тонн алтнаас гадна хэдий хэмжээний алт хууль бусаар хилээр гарч байгаа бол?

- Манай банкны худалдан авсан 20 тонн алттай харьцуулахад хууль бусаар олборлож, хил гаалиар хууль бусаар нэвтрүүлсэн байдал нь илрэхдээ төвөгтэй хууль хяналтын байгууллагууд энэ талаар холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа. 2017 онд хууль хяналтын байгууллагаар хураагдаж, шүүхийн шийдвэр нь гараад, улсын орлого болгон, Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 11,3 кг байгаа юм.

- Ер нь тушаах алтны хэмжээг өсгөх, хууль бусаар хил давуулах асуудалтай тэмцэхийн тулд Монголбанкнаас ямар ажил хэрэгжүүлдэг вэ?

- Өнгөрсөн онд Монголбанк алт  худалдан авах үнээ нэмэгдүүлж, Лондонгийн үнэт металлын захын үнээр алт худалдан авсан, мөн аливаа хууль бус үйлдэл хийхэд үүсэх эрсдлээс зайлсхийж, төв банкиндаа алтаа тушаахыг таниулах зорилгоор орон нутагт сургалтууд хийж байна. 2018 оны төлөвлөгөөнд ч ийм төрлийн танин мэдэхүйн, сурталчилгааны ажлууд туссан, үргэлжлээд явна. Алтыг хууль бусаар хил нэвтрүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөв мэдээллийг хүргэх талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэлээд сайн ажиллана.

- 2017 онд Монголбанк энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллав?

- Өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авах зорилго тавин, “Монголын алт” аяныг гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд 17 аймагт буй Монголбанкны хэлтэс, салбараараа дамжуулан мэдээллийг сайн түгээж, сургалт явуулсны үр дүнд тавьсан зорилгодоо хүрсэн. 20 тонн бол сүүлийн жилүүдэд худалдан авсны алтны дээд хэмжээ юм. Монголбанкны алт худалдан авах үнийн талаар, алт тушаахад ямар бичиг баримт бүрдүүлдэг, хэр их хүндрэлтэй байдаг, сорьцлуулахын үр дүн зэрэг үнэт металлын чиглэлээр маш олон сургалтууд явуулсан. Үүний үр дүнд ард иргэд маань алт эдийн засагт яаж нөлөөлдөг, хэдэн хүн, аж ахуйн нэгж энэ төрлийн бизнес хийдэг, энэ хүмүүс ашигт малтмал ашигласны нөөц төлбөр 2,5 хувийг өө Монголбанкаар дамжуулан Улсын төсөвт төлдөг талаар мэдээлэлтэй болсон байна. 

- 2018 онд Монголбанк худалдан авах алтныхаа хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийх вэ?

- Энэ онд 21-22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд Үнэт металлын сорьцын хяналтын газар, Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран Дархан-Уул, Баянхонгор аймгуудад Үнэт металлын сорьцын лаборатори, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн алт олборлогчид заавал Улаанбаатар хотод ирж алтаа сорьцлуулах, төв банкинд өгөх шаардлагагүй болж, цаг, мөнгө хэмнэх ач холбогдолтой. Үүнтэй холбогдуулаад Монголбанкинд тушаах алтны хэмжээ энэ онд өснө гэж үзэж байна. Ер нь Монголбанк 2018 онд орон нутагт нэг цэгийн үйлчилгээ байгуулах ажилд түлхүү анхаарал хандуулна.
Мөн худалдан авалтны хэмжээг өсгөх, Эрдэнэсийн санг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк “Төрц алт” худалдан авна. Төрц алт гэдэг нь байгалийн төрхөөрөө, олборлогдсон хэвээрээ гэсэн үг. Төрц алт нь байгалийн бусад элементтэй холилдсон байдаг бөгөөд энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа. Зарим алт олборлогчид маань Монголбанк төрц алт худалдан авдагийг мэддэггүйн улмаас томоор гараад ирсэн алтаа буталж, хайлуулаад аваад ирдэг. Төрц алтыг одоо худалдаж авч байгаа үнээс 10 хүртэл хувиар өндөр үнээр авна. Төрц алт худалдан авч байгаа нь эрдэнэсийн санг үнэт металл, алтаар баяжуулах, нэмэгдүүлэх зорилготой.

- Төрц алтны үнэ гулдмайнаас өндөр байгаа нь ямар учиртай вэ?

- Төрц алт ховор байдаг. Том хэмжээтэй алт хэлбэрээр гарч ирэх нь ховор байдаг. Өнөөдрийн байдлаар Монголбанкны Эрдэнэсийн санд 10 орчим кг төрц алт хадгалагддаг.

- Монгол орны алтны нөөцийг яаж тодорхойлдог вэ?

- Холбогдох байгууллагаас жил болгон алтны нөөцийг судалж, хайгуул явуулсны үр дүнд шороон болон үндсэн ордын нөөцийг тодорхойлдог. Одоогийн байдлаар шороон ордын нөөцийг жилд 6 хувиар, үндсэн ордын нөөцийг жилд 30 хувиар нэмэгдүүлэх зорилготой хайгуулын ажиллагаа явуулж байна гэж мэдээлж байсан. Ашигт малтмал, газрын тосны газар, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад байгууллагуудаас шороон ордны нөөц буурчихлаа, үндсэн орд руу хөрөнгө оруулалт хийх, түлхүү олборлолт хийх шаардлагатай байна гэж анхааруулж байгаа.


Монгол брэнд