Умард Солонгостой дээд хэмжэээний уулзалт зохион байгуулахад туслахыг хүсэв

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-19 11:03:55
ТОКИО. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад туслахыг Япон улс Өмнөд Солонгосын эрх баригчдаас хүссэн тухай даваа гарагт "Тона ильбо" сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулахад зууч нь болохыг Японы Засгийн газар Өмнөд Солонгоос хүсчээ.

Хоёр талын асуудлаар тэр дундаа хоёр улсын харилцааг хэвийн болгох болон Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг хэлэлцэхээр Япон улс Умард Солонгостой дээд түвшний уулзалт хийх боломжийг үгүйсгэхгүй байна хэмээн өмнө нь мэдээлж байсан юм.
 
Харин Умард Солонгост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байвал тус улстай яриа хэлэлцээ хийх боломжоо Япон улс алдах эрсдэлтэй хэмээн Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг энэ сарын 17-нд мэдээлсэн билээ.
 
Умард Солонгос болон Япон улсын харилцаанд хамгийн их сэв суулгасан асуудлуудын нэг нь 1970-аад оны үед Умард Солонгосын тагнуулчид Японы иргэдийг хулгайлсан явдал юм. Умард Солонгосын тал япончуудыг хулгайлсан гэдгээ няцаасаар ирсэн ч  Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь нутаг буцаасан юм.
 
2014 оны тавдугаар сард Япон болон Умард Солонгосын Засгийн газар хулгайлагдсан иргэдийн асуудлыг хамтран шалгахаар тохиролцож, тусгай хороо байгуулсан юм. Гэсэн ч Умард Солонгос баллистик пуужин харвасны хариуд Японы эрх баригчид Умард Солонгосын эсрэг дангаар хориг арга хэмжээ нэмж авснаар тус хороог тараах болсноо Умард Солонгосын эрх баригчид албан ёсоор зарлаж байв.  
 
Умард Солонгост хулгайлагдсан япончууд амьд, Пхеньяны гарт байгаа хэмээн Умард Солонгосоос оргон зугтсан хүмүүс нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэж, иргэдээ эх оронд нь эргүүлэн авчрах нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг юм хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ. 
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ