top banner

Дотуур байрны хүүхдүүд гарын доорх материал ашиглан мал төллөхөд хэрэгтэй зүйлс хийжээ


2018-03-13 18:57:18
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн дотуур байранд малчдын хүүхдүүд олноор амьдардаг бөгөөд тэд чөлөөт цагаараа гарын доорх материал ашиглан бээлий, бог малын хошуувч, тугалын хүзүүвч, угж гэх мат мал төллөх үеэр малчдад асар их хэрэг болдог зүйлсийг хийжээ.

Үүнийгээ энэ сарын 19-нд эхлэх гуравдугаар улирлын амралтаар авч явж аав ээждээ бэлэг болгон барих гэж байна. “Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувьд чөлөөт цагаа монгол зан үйлийн өргөөнд ихэвчлэн өнгөрүүлдэг. Тус өргөөний орчин нөхцлийг монгол өв уламжлалаа харуулсан эд зүйлсээр тохижуулсан. Тухайлбал, охидууд оёдлын машин, ноос сэмлэгч машин зэргийг ашиглан бүтээл хийж сурсан. Ер нь бол манай хүүхдүүд бага наснаасаа эхлэн юмханаар юм хийх, монгол өв уламжлалаасаа суралцаж байгаа” хэмээн тус дотуур байрны багш Д.Сэргэлэн хэллээ.
Тус дотуур байранд 134 хүүхэд амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь малчдын хүүхэд аж. Тэд эрдэм номд шамдан суралцахын зэрэгцээ амьдрах ухаан, хөдөлмөрийн амтад ийн суралцаж байгаа ажээ.
Б.Батхүү

Монгол брэнд