top banner

Спорт Э.Содномпилжээд цоо шинэ амьдрал, эрч хүч, амжилт бэлэглэжээ


2018-03-13 12:19:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс нэг жил 6 сарын өмнө буюу 2016 оны есдүгээр сарын 13-нд Бразилын Рио-де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадмын зургаа дахь өдрийн тэмцээнүүдийн нэг пауэрлифтингийн спортын төрөлд Монголын тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн түүхт өдөр билээ.

Энэхүү амжилт нь Монгол Улсаас паралимпийн наадмаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр Э.Содномпилжээ 88 кг-д өрсөлдөж, 210 кг-ыг өргөж паралимпийн хүрэл медаль медальтан болж, медалийн тавцанд АНЭУ, Бразилийн тамирчдын хамт зогсож, Өмнөд Америк тивд Монгол Улсынхаа Төрийн далбаагаа мандуулсан юм.

Тэрбээр эхний захиалгаар 210 кг өргөсөн. Харин дараагийн оролдлогоор 217 кг өргөсөн ч шүүгч тооцоогүй байна. Энэ жинд эрхээ авч оролцсон шилдэг 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-ээр мөнгөн медаль хүртсэн. Манай тамирчин эзэн орны тамирчинтэй адил өргөсөн ч жингийн илүүгээр хүрэл медаль дээр буужээ.



Тэрбээр “Дубай 2014” ДАШТ-д VII байр эзэлсэн амжилтаар ”Рио 2016” паралимпийн наадамд хүчээ сорих эрхийг авсан билээ. Риогийн паралимпийн наадамд оролцохоос өмнөх түүний амжилтуудыг дурдвал: “Инчеон 2014” Азийн пара наадмын хүрэл, “Дубай 2015 fazza” Дэлхийн цомын АШТ-ий мөнгө, “Алмата 2015” Азийн АШТ-ий хүрэл, “Куала Лампур 2016” Дэлхийн цомын АШТ-ий мөнгө, Шахалтаар хэрэглэлттэй \235 кг\ болон хэрэглэлгүй \205 кг\ шахалтын 83 кг-д улсын рекорд тогтоосон байна. Мөн хэрэглэлгүй \Classic powerlifting\ УАШТ 93 кг-д 227.5 кг-аар бүх жингийн рекорд тогтоожээ.

ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Э.Содномпилжээгийн анхны багш нь Болгарын биеийн тамирын дээд сургуулийн хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ангийг төгссөн дасгалжуулагч, ОУХМ Ш.Энхсайхан юм.



Энхбаярын  Содномпилжээ 1985 оны наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо төрсөн. Харин төрсний гэрчилгээгээ Орхон аймгийн Баян-Өндөр сумаас авсан байна. Тэрбээр 3 насандаа Улаанбаатар хотод ээжтэйгээ хамт шилжин ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн IX дунд сургуулийг төгсчээ. Э.Содномпилжээ 1999 онд 14 настай байхад нь нэгэн хар өдөр тохиож хөлөө гэмтээсэн байна. Уг гэмтлээ зөв оношлуулж чадахгүй байсаар өвчин даамжирч "ясны хорт хавдартай" хэмээх онош сонсон хөлөө тайруулахад хүрсэн юм.

Э.Содномпилжээгийн ээж Н.Амаржаргалд, эмч нарын хэлсэн "зургаан сарын настай" гэсэн үг “тэнгэр ниргэх” мэт болсон ч ганц хүүгийнхээ төлөө бүхнээ зориулсан байна. Үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, сургуульдаа явж чадахгүй болсон хүүгээ их спортоор хичээллүүлж, сэтгэлийн хат суулгасан нь түүний ээжийн ач гавьяа билээ. Хүүгээ амьдралд хөл алдуулалгүй эрдэм боловсролтой болгож, их спортын замд хөтөлсөн ээжийнхээ ачийг Содномпилжээ хүү өдгөө хариулж яваа нь бахархалтай.



Тэрбээр амьдралын эрхээр “Ард” санхүүгийн нэгдэлд нягтлан бодогч, "Монгол шуудан" компанид биеийн тамирын багшаар ажиллахын зэрэгцээ бэлтгэлээ хийн амжилтын оргил өөд тэмүүлсээр Монгол Улсаас төрсөн паралимпийн наадмын медальтан гурван тамирчны нэг нь болж чадсан юм.

Э.Содномпилжээ пауэрлифтингийн спорттой холбогдсон нь бас л сонин. Түүнийг 2000 онд ээжийнхээ ажлын гадна явж байхад, хөл муутай нэг эгч уулзахдаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт байдаг юм. Миний дүү яваач” гэсэн саналыг тавьж, бас ээжид нь хэлж Биеийн тамир спортын газрын Тамгын газрын дарга Л.Нямтай уулзахыг зөвлөжээ. Тухайн үед Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт холбооны ерөнхийлөгч байсан Л.Ням түүнийг сайтар харж шинжин, штанг өргөх саналыг тавьж, яг чамд тохирно гээд багшийг нь зааж өгчээ.



Хүү 2000 оны намраас 2002 он хүртэл бүтэн хичээллэжээ. 2001 оны Бүх ард түмний спартикиадын 48 кг-д аваргалсан нь түүний хамгийн анхны амжилт байв. Харин энэ үед багш нь гадагшаа явж, спортоосоо хөндийрсөн байна. Тэрбээр 2003 онд дунд сургуулиа төгсөөд, суралцаж бас ажил хийж эхэлжээ. Эдийн засаг бизнесийн дээд сургуульд 2003 онд элсч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн юм. 2008 онд эдийн засаг хямраад ажиллаж байсан ажлаасаа орон тооны цомхотголоор халагджээ. Тэгээд ажил хайж яваад 2009 оны хоёрдугаар сард бэлтгэлдээ эргэн ирсэн байна.

“Рио-2016” зуны XV паралимпийн наадмаас хойш түүний амжилтын буухиа үргэлжилсээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний гурван ч алтан медаль хүртээд байна.  



Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2017 оны гуравдугаар сарын 2-нд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг жинд 220 кг өргөж аваргаар тодорсон.

Мөн 2017 оны тавдугаар сарын 7-нд  Унгар улсын Эгер хотноо болсон пауэрлифтингийн "Дэлхийн цом"-ын АШТ-д гавьяат тамирчин Э.Содномпилжээ 97 кг-д 221 кг өргөж алтан медаль хүртсэн юм.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ онд /2018.02.22/ АНЭУ-ын Дубай хотноо болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 107 кг-д өрсөлдөж алтан медаль хүртлээ. Тэрбээр 220 кг өргөж, арын тамирчдаасаа тасархай түрүүлсэн байна. Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

Дэлхийн спортын ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг мандуулж яваа ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, Э.Содномпилжээ өдгөө ахмад цолтой бөгөөд эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг.

Д.Өлзий

Монгол брэнд