top banner

Тагнуулын албаны хурандаа асан Скрипалийг хордуулсан хэрэгт ОХУ холбоотой гэж үзэж байна


2018-03-13 09:59:37
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийг мөрдөн шалгаж буй Их Британийн эрх баригчдын ажиллагаа бодитой гэдэгт АНУ-ын засаг захиргаа бүрэн итгэлтэй байгаа бөгөөд энэ хэрэгт Орос холбоотой байж болзошгүй гэсэн хувилбар дэвшүүлсэн нь зөв хэмээн үзэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгджээ. 

“С.Скрипаль болон түүний охин Юлияд тохиолдсон хэрэгт ОХУ холбоотой байж болзошгүй. Тэднийг Орост үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах бодисоор хордуулжээ. Орос улс Их Британийн эсрэг үл тоомсорлосон, хариуцлагагүй үйлдэл хийж байна” хэмээн өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн юм.

Өдгөө 66 настай Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний 33 настай охин Юлия нар мэдрэл саажуулдаг үл мэдэх бодист хордсон юм. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал нь тун хүнд байгаа гэнэ.

2004 онд С.Скрипалийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хүмүүс баривчилж, эх орноосоо урвасан хэргээр түүнд 13 жилийн хорих ял оноожээ. Тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан этгээдүүдийн солилцооны хүрээнд С.Скрипалийг 2010 онд АНУ-д шилжүүлэн өгсөн юм. Мөн тэр жилдээ тэрбээр Их Британид шилжин суурьшсан байна.
Э.Аянзаяа 
 


Монгол брэнд