top banner

Унгарын компани Биокомбинатын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ


2018-03-12 18:09:45
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Биокомбинат ТӨҮГ-ын өргөтгөлийн ажил, төслийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцов. Уг ажлын гүйцэтгэгчийг Унгар улсын хүсэлтийн дагуу тус улсын Засгийн газраас санал болгох компаниудын дундаас хязгаарлагдмал байдлаар сонгон шалгаруулахаар болсон юм.

Одоогийн байдлаар төслийн үнэлгээний хороог байгуулж, тендерийн баримт бичгийг эцэслэн баталж, сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. Тиймээс Унгарын Засгийн газраас санал болгох компаниудын мэдээллийг цаг алдалгүй ирүүлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дурдлаа. Төслийг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Сангийн яам болон Унгар Улсын ЭКСИМ банк хооронд зээлийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжтойг мэдэгджээ.

Биокомбинатын өргөтгөлийн ажлыг төлөвлөгөөний дагуу 2018 оны 6 дугаар сард эхлүүлэхэд талууд харилцан санаачилгатай, нягт холбоотой хамтран ажиллахаар тохиролцлоо. Төслийн шав тавих ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нар хүрэлцэн ирж оролцохоо илэрхийлсэн тухай Элчин сайд Галошфай Михай мэдээлэл өглөө.  

Монгол брэнд