top banner

МУЗН-ээс малчдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр хөдөлнө


2018-03-09 11:39:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ээс Архангай, Төв, Увс болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 25 сумын малчдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр 14.00 цагт хөдөлнө.

МУЗН Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангийн санхүүжилтээр “цагаан зуд”-тай дээрх 7 аймгийн малчдад тусламжийн гараа сунгаж буй юм. Энэ удаад Архангай, Төв, Увс аймгийн 15 cумын 1500 өрх тус бүрт 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумын 1000 өрхөд хүнсний болон малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлнэ.

Тусламжийг 200 хүртэлх малтай, орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй малчин өрхөд олгох аж.

МУЗН өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Их Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд тус бүр 240 мянган төгрөг, 115 мянган төгрөгийн өртөг бүхий малын эрдэс тэжээлийн багцийг хүргүүлсэн билээ. Мөн “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд Төв, Өвөрхангай аймгийн 13 сумын малчин өрхөд 15 мянган боодол өвс олгожээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд