top banner

Ирэх ням гарагт эхлэх Хару башёд Их аваргуудаас Какүрюү М.Ананд барилдана


2018-03-09 10:20:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын Хару башёгийн барилдаан гуравдугаар сарын 11-25-нд Осака хотноо болно.

Энэ башёд Их аваргуудаас 71 дэх Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа барилдана. Харин 69 дэх Их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал болон 72 дахь Ёкозүна Кисэносато нарын бэртэл эдгээгүй учраас энэ удаа башёг өнжихөөр болжээ. Кисэносатогийн хувьд 6 дахь башёг өнжиж байгаа юм. 

Дээд зиндаан /Макүүчи/-д 71 дэх Их аварга Какүрюү М.Анандаас гадна Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нарын бөхчүүд хүч үзнэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 10 давсан Ичиножёо А.Ичинноров Комүсүби цолтой барилдана. Харин 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгаширагийн нэгээс барилдана.

Гүржийн Точиношин өмнөх башёд 14 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж, дээд зиндаанд анх удаа түрүүлсэн амжилтаар энэ башёгийн онцлох бөх болоод байгаа. 31 настай Точиношин Гүржээс сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн анхны сумоч болсон. Тэрбээр Европ тивээс Болгарын Котоошюү (2008.IX), Эстоны Баруто (2012.I) нарын дараа түрүүлж байгаа гурав дахь бөх юм. Сэкивакэ цолтой барилдах Точиношин энэ башёд бүх өндөр цолтой бөхчүүдтэй барилдана.

Харин өнгөрсөн башёд чихрийн шижин өвчний улмаас амжилттай барилдаж чадаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чансаа буурч Жюүрёод барилдана. Хару башёгийн олны анхаарлыг татаад байгаа бөх бол Таканоива А.Баасандорж билээ. Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, бэртэл авсан шалтгаанаар 11 болон нэгдүгээр сарын башёг өнжсөн. Тэр энэ башёд Жюүрёод барилдахаар болжээ.

Жюүрёод түүнээс гадна Кёкүшихо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Сэро А.Өнөболд, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд нарын монгол бөхчүүд барилдана.

Д.Өлзий

Монгол брэнд