top banner

Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай уулзана гэдгээ мэдэгджээ


2018-03-09 10:17:25
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай тавдугаар сар гарахаас өмнө уулзахад бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюлугүй байдлын газрын дарга Чон Ый Ён сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
“Ким Жөн Ун АНУ-ын төрийн тэргүүнтэй аль болох хурдан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Д.Трамп манай улсын төлөөлөгчдийн танилцуулсан товч мэдээллийг үнэлж тавдугаар сар гарахаас өмнө Умард Солонгосын удирдагчтай уулзана гэдгээ мэдэгдсэн. Манай улс болон АНУ дэлхийн олон түнштэй хамтарч, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиг шугамаа тууштай баримталсаар байх болно” хэмээн Чон Ый Ён ярьжээ.

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Уулзалтын үеэр би Ким Жөн Уны Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиг шугамыг баримталж байгааг АНУ-ын ерөнхийлөгчид хэлсэн. Аливаа цөмийн болон пуужингийн туршилтыг явуулахаасаа татгалзана гэдгээ Умард Солонгосын удирдагч амласан билээ. Манай улс болон АНУ тогтсон ёсоор цэргийн хамтарсан сургуулилтаа үргэлжлүүлэн хийх ёстой гэдгийг Умард Солонгосын удирдагч ойлгон хүлээцтэй хандаж байна. Манай улс, АНУ болон бусад түнш улс өмнөх алдаагаа давтахгүй байх байр сууринд хатуу зогсож байгаа бөгөөд хэлсэн үг нь бодит үйлдэлтэйгээ нийцэх хүртэл Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно” гэжээ.
 
Мөн тэрбээр Солонгосын хойгийн эргэн тойрны нөхцөл байдлыг зохицуулах хэрэгт хүчин чармайлт тавьж байгаад Д.Трампт талархал илэрхийлжээ.

Умард Солонгосын төлөөлөгчидтэй хийсэн зөвлөлдөх уулзалтынхаа дүнг танилцуулахаар Чон Ый Ён тэргүүтэй Өмнөд Солонгосын төлөөлөгчид өчигдөр Вашингтоныг зорьсон билээ.
Э.Аянзаяа 

Монгол брэнд