top banner

Арвайхээр суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо


2018-03-08 23:44:32
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Тодруулбал Арвайхээр сумын мал бүхий иргэд амьдардаг Түгээ овооны ард хаваржиж буй малчин Д-ийн үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн бөгөөд одоогоор гурван айлын долоон үхэрт өвчлөл илрээд байна. Тухайн бүсэд 3100 гаруй мал, 140 гахай байгаа юм. Тиймээс аймгийн нөөцөнд буй 2000 гаруй тонн вакциныг өвчний голомтонд байгаа мал, амьтанд хийгээд байгаа ба найман хяналтын пост ажиллаж байна. Түүнчлэн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 36 тоот гудамжинд мал шүлхийгээр өвчилсөн гэх шинж тэмдэг илрээд байгааг лабораторийн шинжилгээнд явуулаад байна.
Шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 3 дугаар сарын 08-ны өдрийн А/136 тоот захирамж гарч, тус сумын нутаг дэвсгэр дэх шатахуун түгээх станцууд, хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээний газрууд, хүнс барааны захын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хорьж, архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон шийдвэрүүдийг гаргалаа. Түүнчлэн сургуулийн сурагчдын ээлжийн амралтыг энэ сарын 12-оос эхлүүлэх хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлсэн ба цэцэрлэгүүд хэвийн ажиллах юм. Хот хоорондын нийтийн тээврийн автобусны хөдөлгөөнийг хязгаарлахгүй бөгөөд Улаанбаатар хот болон бусад аймаг, сумд руу зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд зорчих боломжийг олгох аж.
Б.Батчимэг

Монгол брэнд