top banner

"Нэг тэрбумаараа тэмцье" хөдөлгөөнд Дорноговийн залуус нэгдлээ


2018-03-08 15:07:12
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 08-нд  “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал Дорноговь аймгийн төв Сайншанд хотод боллоо.
Тайван жагсаалыг охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийллийн эсрэг хамтдаа дуу хоолойгоо хүргэх зорилгоор Дорноговь аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Дорнын манлайлагч залуус” ТББ-аас  зохион байгууллаа. Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, МСҮТ-ийн 70 гаруй оюутан залуус дэмжиж хамтран оролцсон юм.
Залуучууд, оюутнууд нийгэмд  гарч буй хүчирхийллийн эсрэг өөрийн дуу хоолойгоо бичсэн плакат, зурагт хуудас болон бусад уриа лоозон барьж Сайншанд хотын Хүүхдийн ордноос баруун тийш  төв зам дагуу  “Алтан говь” худалдааны төв хүртэл алхсан.
“Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал нь 2013 оноос эхлэн олон улсад өрнүүлж буй томоохон хөдөлгөөн бөгөөд энэ үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн нэг тэрбум охид эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг дэмждэг хүмүүсийн хамтын хүчээр хүчирхийллийг таслан зогсоох, бодлого тодорхойлогчдод нөлөөлөх зорилготой аж. Дорноговь аймаг энэ хөдөлгөөнд анх удаагаа оролцож байгаа нь энэ аж.
Дорноговь Монгол Улсын зүүн өмнөд хилийн аймаг бөгөөд улсын эдийн засгийн бараа эргэлтийн 70 гаруй хувийг дангаараа хангадаг олон улсын зэрэглэлтэй Замын-Үүдийн томоохон боомт хоттой, худалдаа арилжаа хөгжсөн чухал суурин газар юм.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд