top banner

Өрх толгойлсон 20 эмэгтэйд хүндэтгэл үзүүлжээ


2018-03-07 22:25:38
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Баруун-Урт сумын зорилтот бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, “Эрхэмсэг эмэгтэйчүүд” уулзалтыг зохион байгуулжээ. Өөрийн гэсэн орон гэргүй, олон хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гээд өрх толгойлсон 20 эмэгтэй тус арга хэмжээнд оролцсон байна.

Уулзалтын үеэр эмэгтэйчүүдэд ХХҮГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түр болон тогтмол ажлын байранд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгчээ.

“Аливаа баяр ёслол болоход зорилтот бүлгийнхэн орхигдох тал байдаг. Харин манай байгууллагын гол чиглэл тэдгээр иргэдэд дэмжлэг үзүүлэх учраас зорилтот өрхийн иргэдээ ямар нэг арга хэмжээнд тогтмол хамруулахыг зорьдог. Энэ удаагийн ажил маань үүний нэг хэсэг юм. Эмэгтэйчүүд маань үнэхээр сэтгэл хангалуун, баяртай байсан. Амьдралын нөхцөл боломжоос шалтгаалаад эсвэл үр хүүхдээ хараад тэр болгон баярын ширээний ард сууж чаддагүй иргэд өөр хоорондоо танилцаж, жаргал зовлонгоо хуваалцана гэдэг сайхан шүү дээ. Дээрээс нь тэд хамтдаа нэгдэж ажилтай болох, өрхийн орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг эндээс олж авах юм. Манай газраас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр бий. Түүнд хамрагдаад, бүлгээрээ нэгдээд ажил эрхэлж болно. Ийм гарц шийдлүүд байгаа, дээрээс нь тэдгээр иргэдийг анхаардаг, халамжилдаг газар бий шүү гэдгийг ойлгуулж чадсан нь уулзалтын гол үр дүн байлаа.” хэмээн ХХҮГ-ийн хэлтсийн дарга н.Мөнхзул хэллээ.

Энэ үеэр арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүдэд 700 гаруй мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Т.Одончимэг

Монгол брэнд