top banner

Өмнөд Солонгосын төрийн тэргүүний тусгай элч АНУ-д айлчилна


2018-03-07 16:27:23
Зураг
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгост хийсэн айлчлал болон тус улсын удирдагч Ким Жөн Унтай хийсэн уулзалтынхаа дүнг танилцуулахаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чон Ый Ён энэ долоо хоногт АНУ-д айлчилна хэмээн Хөх ордон мэдээлжээ.
 
Уулзалтын үеэр Чон Ый Ён Умард Солонгосоос дамжуулсан захидлыг АНУ-ын төрийн тэргүүнд дамжуулах аж. 

АНУ-д айлчилсныхаа дараа Чон Ый Ён ОХУ болон Хятад улсыг зорих юм байна. Харин Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны захирал Со Хун Японд айлчлах аж. Эдгээр улс нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаархи зургаан талт яриа хэлэлцээнд оролцогч улсууд юм.
 
Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн Умард Солонгост хийсэн айлчлалын үеэр ирэх сард Пхеньянд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг хийхээр тохиролцсон юм. Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Умард Солонгосын тал илэрхийлсэн билээ. Мөн АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин болон цөмийн хөтөлбөрөө зогсоохоо Умард Солонгос амласан юм. 
 
 Э.Аянзаяа 


Монгол брэнд